Иргэд газраа хямдхан өгөх хүсэлгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 21


    Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдээс  32-ын тойрог хүртлэх 800 орчим айл өрхийн газрыг чөлөөлж шинээр 7-р хороолол барих төлөвлөгөөний эхний үе шат энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Тус тойргоос УИХ-д нэр дэвшиж гарсан, өдгөөгийн МУ-ын Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн жил тойрогтоо очиж шинээр баригдах 7-р хорооллын шавыг тавиад явсан билээ. Тэр үеэр Ерөнхий сайд “Айл бүхний газрыг хангалттай өндөр үнээр худалдан авах болно” гэж хэлж байсан нь биеллээ олохгүй бололтой. Учир нь энэ хорооллыг барихад газар чөлөөлөх төсөв нь  эхний ээлжинд 20 тэрбум төгрөгөнд багтжээ. Өөрөөр хэлбэл, нэг метр квадрат газрыг 13-хан мянган төгрөгөөр үнэлнэ гэсэн үг. Энэ шийдвэрт л тэр хавийн айлын оршин суугчид тун дурамжхан байгаа юм. Харин “Бэрэн”, “Орон сууц санхүүжилтийн корпораци” зэрэг компаниуд 300 метр квадрат талбайг хоёр өрөө байраар сольж авах санал гаргажээ.  Гэвч тэндхийн зарим оршин суугчдын санаанд энэ санал таалагдахгүй байгаа бололтой. Нэг хашаанд 3-4 айл амьдардаг. Дунд нь хоёр өрөө байр өгөхөөр ганц айл нь ороод бусад нь яах билээ гэсэн зовнил ч иргэдийн дунд цөөнгүй.  Хашаандаа дэлгүүр, гаражтай  айлууд эд хөрөнгөө тийм ч хямдхан үнэлэхгүй байгаа гэнэ. Үүний хажуугаар хашаа байшингаа илүү үнэд хүргэж, ашиг олох сонирхолтой хүмүүс цөөнгүй аж.  Газар чөлөөлөх ажил энэ оны дундуур эхлэх бөгөөд 2012 оны нэгдүгээр улирал гэхэд эхний орон сууцнуудын барилгын ажил эхлэх төлөвтэй. Газар чөлөөлөх талаар тус хороодын Засаг дарга нар нь иргэддээ ямар нэгэн ухуулан таниулах арга хэмжээ одоо хүртэл аваагүй байна. 2012 оны сүүлээр хоёрдугаар шат эхлэж, улсын төсвөөс 300 тэрбум төгрөг төсөвлөж, дэд бүтэц зам харилцааны асуудлыг шийдэх гэнэ.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top