Хятадуудаас болж малчид Мардайн уурхайн хориотой бүсэд малаа бэлчээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


    Дорнодын Мардайн уурхайгаас оросууд социализмын үед ихээхэн хэмжээгээр уран олборлож нутаг руугаа зөөж байсан .    Ер нь Монголоос авч байсан түүхий уранаар оросууд цөмийн зэвсгээ  бүтээж байсан цаг саяхан. Оросууд ч гарч яван энэ уурхай хаагдаж “Онцгой аюултай бүс” хэмээн нэрлэгдэж хааш хаашаа таван км газрыг “хориотой бүс” болгосон юм. Өдгөө Мардайн ураныг дахин ашиглах талаар янз бүрийн түвшинд яригдаж, Канад, Орос, Хятад хүртэл Мардайгаас уран олборлохын төлөө хөөцөлдөж байна. Мөн Монголын томоохон компаниуд хүртэл энэ асуудлыг хөндөн тавьдаг аж. Харин хамгийн аюултай нь Мардайн уурхайн “хориотой бүс” одоо алдагдан, тэндхийн малчид малаа бэлчээх газар болгожээ. Мардайн уурхайн хөрсөнд цацраг идэвхит бодис тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг хэмээн аймгийн МХА болон Байгаль орчны яамныхан үздэг. Гэтэл нөгөө газар нь малчид малаа бэлчээрлүүлж байгаа нь тун аюултай зүйл.  Учир нь Дорнодын нутагт нефть олборлож буй хятадууд ихээхэн хэмжээний газрыг өмчлөн авч /гэхдээ дандаа монгол хүний нэр дээр/ тариан талбай болгосноос малчид малаа бэлчээрлүүлэх газаргүй болсон гэдэгтэй холбон тайлбарлаж байна.  Өнгөрсөн жилийн хавар мал төллөх үеэр хэд хэдэн айлын үхэр, хонь амьгүй зулбасга гаргах, тэр бүү хэл нүд, гар, хамаргүй бүр таван хөлтэй төл төллөсөн тохиолдол гарчээ. Аймгийн БГХӨТГ-аас болон МХА-наас гаргасан шинжээчид энэ бүхнийг Мардайн уурхайтай холбон тайлбарлаж байна. Учир нь хятадуудаас шалтгаалан бэлчээргүй болсон малчид Мардайн уурхайн хориотой бүсэд малаа бэлчээснээс болж цацраг идэвхит шороотой газар мал нь хордож байна гэсэн үг. Энэ нутгаас бэлтгэсэн малын мах ч Улаанбаатар луу ачигдаж байгаа нь тодорхой. Ингэж монголчууд харийнхнаас болж малаа бэлчээх газаргүй болон хортой аюултай газарт бөөгнөрөн эд хөрөнгөөрөө хохирч, бас өөрсдөө эрүүл мэндээрээ тоглож байгаа нь нууц биш боллоо. Ер нь цацраг идэвхит бодис хүний ДНК-г маш ихээр гэмтээдэг. Хожим хойно үр сад нь хүртэл генийн гажигтай төрж болзошгүй аюулын харанга дэлдээд байна.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top