Монголын эзэнт гvрний хаадууд

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29



Чингис хаан
Монголын үндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 онд хар морин жил Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн Болдог гэдэг газар Есүхэй баатар, Өүлэн хатан нарын ахмад хөвгүүн болон төржээ. Чингис хаан Монголын тархай бутархай олон ханлиг аймгуудыг нэгтгэн монголын нэгдсэн төр, их Монгол улсыг байгуулжээ. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгсөв. Улсын анхны нийслэл нь Хэрлэний хөдөө арал дахь одоогийн Аварга тосонд байв.
Өгөөдэй хаан
Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэнгий н  хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 насандаа эцгээ даган төр улсыг байгуулах үйлсэд оролцсон юм. Өгөөдэй хаан засгийн хэлбэр төрхийг боловсронгуй болгож Чингис хааны зарлиг есоор баригдаж эхэлсэн Хар хором хотыг барьж дуусгаад Монголын эзэнт гүрний нийслэл болгосон. Монголын түүх соелын үнэт өв Монголын нууц товчоог Өгөөдэй хааны ордонд түүний сэрүүн тунгалаг ахуйд бичжээ. Өгөөдэй хаан 1241 оны цагаагчин үхэр жил 56 насандаа таалал төгссөн байна.
Гүег хаан
Өгөөдэй хааны ахмад хөвгүүн Гүег 1206 оны улаан барс жилд төржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгджээ. Гүег хаан олон чухал арга хэмжээ авч байсны нэг нь 1247 онд хүн амын тооллогыг анх удаа явуулсан явдал юм.  Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэв. Гүег хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.
Мөнх хаан
Чингис хааны отгон хөвгүүн Тулуйгийн ахмад хөвгүүн Мөнх хаан 1208 оны шар луу жилд төржээ. 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байлаа. Мөнх хаан өмнө зүг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1258 оны шарагчин хонин жил нас барсан байна.
Хубилай хаан
Мөнх хааны дүү Хубилай 1215 оны хөхөгчин гахай жил төрж,1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж Монгол, Хятад, Төвд зэрэг улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Тэр үеэс Монгол гүрэн задрах хандлага гарсан боловч Хубилай хааны үед Монголчууд дэлхийн соел иргэншилд их хувь нэмэр оруулсан юм. Хубилай хаан 1294 оны хөх морин жил таалал төгсжээ.
Өлзийтөмөр хаан
Хубилай хааны ахмад хөвгүүн Чингэмийн гутгаар хөвгүүн Өлзийттөмөр 1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1294 оны хөх морин жил Юань гүрний хаанд суужээ. Өлзийттөмөр хаан 1307 оны улаагчин хонин жил таалал төгсжээ.
Хайсан хүлэг хаан
1281 оны цагаагчин могой жил төрсөн. Чингэмийн 2-р хөвгүүн Дармабалын хөвгүүн юм. Тэр 1308 оны шар бичин жил хаанд сууж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсжээ.
Аюурбарбад буянт хаан
1285 оны хөхөгчин тахиа жил төрсөн. Дармабалын гутгаар хөвгүүн юм. 1312 оны цагаагчин гахай жил хаан ширээнд сууж 1320 оны цагаан бичин жил таалал төгсжээ.
Шадбал гэгээн хаан
1303 оны харагчин туулай жил төржээ. Буянт хааны хөвгүүн юм. 1321 оны цагаан бичин жилд хаан ширээнд сууж байгаад 1324 оны харагчин гахай жил таалал төгсжээ.
Есөнтөмөр хаан
1276 оны хар могой жил дор төржээ. Чингэмийн хүү Гамалын 2-р хөвгүүн юм. Тэр 1324 оны харагчин гахай жил хаан ширээнд сууж байгаад 1328 оны шар луу жил дор таалал төгсжээ.
Ашидхэв хаан
1320 оны цагаан бичин жил дор төржээ. Есөнтөмөрийн ахмад хөвгүүн, 1328 оны шар луу жилийн сүүл сард хаан сууж 1 сар болоод огцров.
Хүслэн хан
1300 оны цагаан хулгана жил төржээ. Хайсаны ахмад хөвгүүн 1329 оны шарагчин могой жил хаан ширээнд сууж мөн жилдээ таалал төгсжээ.
Төв Төмөр хан
Төв Төмөр хаан /Төгстөмөр хаан гэж алдаршсан/ 1304 оны хөх луу жил төрсөн. Хайсаны 2-р хөвгүүн, 1329 оны шарагчин могой жил хаан ширээнд сууж байгаад 1332 оны хар бичин жил насан өөд болжээ.
Ринчинбал хаан
1325 оны улаан барс жил төрсөн Хүслэн хааны хөвгүүн юм. 1332 оны хар бичин жилд  хаан ширээнд сууж хоер сар болоод насан өөд болжээ.
Тогоон Төмөр хаан
1320 оны цагаан бичин жил төржээ. Ринчинбалын ах юм. 1333 оны харагчин тахиа жил хаан ширээнд суужээ. 1370 оны цагаан нохой жил насан өөд болов. Хааны цолыг нь "ухаант " бөгөөд түүний үед 1368 онд Хятадад их бослого гарч Монголын ноерхолыг унагаажээ.

Р.Слава slavaaldar@yahoo.com




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top