Н.Энхбаярын мэдэгдэлд цочирдсон Ч.Амарболд генералын өмгөөлөгч хууль зөрчиж эхэллээ.

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


Сонгуулийн луйвар будлианаас үүссэн иргэд, цагдаа нарын хоорондын мөргөлдөөн, үхэл, гамшгийн эзэн холбогдогчдыг шалгаж тогтоох ажиллагаа үндсэндээ хаагдаад байтал Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсноос хойш дахин сэргэж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд тав, зургаан хурандаа нарын хамт таван хүний амийг хорооход үйлдэл, эс үйлдлээрээ оролцсон эсэх гээд эрүүгийн хуулийн олон зүйл ангиар мэдүүлгээ өгөөд сууж байгаа. Олон мянган хуудас бүхий хавтас хэрэгтэй өмгөөлөгч нар нь танилцаад тун завгүй гэнэ. Ийм нүсэр ажлын зэрэгцээ бас чоно борооноор гэгч юм болоод байгаа тухай яриа түгэж эхлэв. Ч.Амарболд генералын талаар экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийсний дараа тэдгээр “чононууд” тун шаргуу ажиллаж, хэвлэлүүдийг байнга “бөмбөгдөж” байна. Хуулийн дагуу ажилладагаараа бусдад үлгэр дуурайлал болох учиртай өнөөх хуульч, өмгөөлөгчид “Чонын” сүргийн тэргүүн эгнээнд тууж явна. Генерал Ч.Амарболдыг өмгөөлж буй О.Алтангэрэл гэдэг нөхөр “Өмгөөллийн тухай” болон холбогдох бусад хуулийн дээгүүр харайж гараад хөгөө дэлгэв. Хуулиа зөрчин байж ингэж дөвчигнөснөөс үзэхэд тэд их л сандарч байгаа янзтай. Энэ нь нэгэн бодлын бас зүгээр ч юм шиг. Тухайн үед ямар “Но”-той зүйл нуугаад үлдэх гэж байсныг тандаж мэдэхэд иймэрхүү байдал нь илүү дөт болгодог сайн талтай. Хуулиар бол гэм буруутайг тогтоогоогүй байхад өмгөөлөгч хүн “Миний үйлчүүлэгчид ямар ч буруу байхгүй” гэж донгосч болдоггүй. Хэрвээ тиймэрхүү юм яривал хуулийн өмнө хошуугаа хөлдөөнө. Гэтэл өмгөөлөгч О.Алтангэрэл мэдэн будилж хавтас хэргийн материалтай илт харшилсан, тэнд огт ингэж хэлж болохооргүй зүйлийг хэвлэлээр цацан “Агуу том аврагч”-ийн дүрд тогложээ. Н.Энхбаярын мэдэгдэлд “Генерал Амарбат тухайн үед хэргийн газарт огт очоогүй. Тэр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан учраас ажлаа 50 хувьтай л хариуцаж байсан байх. Мөн мань эр гал командын машинуудыг хэргийн газарт аваачих уу гэж надаас асууж байсан нь маш хариуцлагагүй явдал. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр онц байдал тогтоохыг надад тулган шаардсан. Уг нь үймээнийг заавал онц байдал тогтоож байж зогсоох албагүй байсан гэж би боддог юм” гэснийг хүмүүс санаж байгаа байх. Ийм мэдэгдэл хийсэн Н.Энхбаярыг ч мөрдөн байцаагч нар дуудаж нэмэлт тайлбар авах нь тодорхой болоод байна. Хэргийг шалгах явцад ийнхүү шинэ нөхцөл үүссэн үеэр Нийслэлийн цагдаагийн дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү ч бас “Миний үйлчлүүлэгч 7 сарын 1-ний хэрэгт ямарч холбогдолгүй” гэж О.Алтангэрэлийн адил борооноор гэтдэг “Чоно” болон “Ульж” эхэлсэн нь цаанаа нэлээд маапаантай үйлдлүүдийг халхавчилснаа хэлээд байх шиг. Энэ мэтээр хууль бусаар аашилсан өмгөөлөгчдийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах газрынхан шалгаж, хариуцлага тооцох “Чоно үргээлгэ”-ийн ажилдаа ормоорсон доо.

Б.Отгонбаяр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top