МАХН гэдэг нэр хэнд ч хамаагүй боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


МАН-аас өрх тусгаарласан МАХН Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэх гээд гацаанд орлоо. МАН-ынхан нь болохоор “МАХН” гэсэн нэрийг өөр нам хэрэглэх ёсгүй гэдэг. Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6-д “Нам нэрээ өөрчилсөн тохиолдолд уг шийдвэртэй санал нийлээгүй хэн нэгэн өөрчлөгдсөн намын нэрийг өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалттай. Дээд шүүхийн нийт шүүгчид саяхан хуралдаад энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Цэцэд ханджээ. Ингээд МАХН-ыг бүртгүүлж болно, болохгүй гэсэн хэрүүлийг Дээд шүүх биш, Үндсэн хуулийн Цэц хагалах болж байна. Цэц асуудлыг шийдэж болно. Гэвч одоогоор Цэцэд бас нэг “Асуудал” үүсээд байгаа. Юув гэвэл таван гишүүнийнх нь сонгуульт хуулийн хугацаа дуусч УИХ шинээр хүн сонгож, томилох болсон. Тиймээс МАХН-ын хүлээлт тодорхой хугацаагаар сунгагдаж байна. Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй болж, их суудлаараа энэ маргааныг шийдтэл Н.Энхбаяр нарын хүмүүс хөх тэнгэрээс өөр дээрээ юмгүй тус байгууллагын үүд сахиж суухаас өөр замгүй болж байна. Уг нь Цэц 2005 онд Улс төрийн намын тухай хуулийн 6,3 дахь заалт буюу “Нам …нэрээ өөрчилсөн бол түүний товчилсон болон бүтэн нэрийг 24 жилээр хориглоно” гэснийг эвлэлдэн нэгдэх эрх зэрэг Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн  гээд хүчингүй болгосон юм. Мөн Цэцээс “Нам нь сонгууль болохоос 18 сарын өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой” гэсэн шийдвэр гаргасан байв. МАХН-ынхан дээрх заалтыг гол хөзрөө болгож байгаа. Цэцийн тэрхүү шийдвэрээр бол МАХН гэдэг нэрийг дахин хэрэглэхийг хориглох нь бас л Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох ажээ. Тэгэхээр Цэц урьд нь нэгэнт гаргасан шийдвэрээ энэ удаа дахиад хянах ч юм шиг сонин байдал үүслээ. Ер нь яаж ч бодсон нэг хүн хоёр нэртэй байх боломжгүйн адил МАН хоёр нэр шууд өмчлөх нь утгагүй юм. Ардын намын 26-р их хурлын шийдвэрээр бол “МАН нь МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” гээд заачихсан байдаг. Үүнээс үзэхэд Цэцийн өмнө хууль хүчтэй байх уу, эсвэл нэг намын шийдвэр хүчтэй байх уу гэж тавлаж, тохуурхсан мэт асуулт тулгарчихаад байгаа ажээ. 
         О.Баяр Zindaa.mn                                                                        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top