Н.Төмөрхүү, С.Чинзориг нар тангараг өргөх эрхтэй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар өрсөлдөж, МАН-ын гишүүд ялалт байгуулсан. Гэтэл Ардчилсан намын гишүүд сонгуулийн үр дүнг үл зөвшөөрөн МАН-ын гишүүдийг сонгуулийн хууль зөрчин сонгогчдын саналыг татах зорилгоор архи, мөнгө тараан, насанд хүрээгүй хүүхэд ашиглаж ялалт байгуулсан хэмээн Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад байв. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр АН-ын талд  гарсан ч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Нийслэлийн шүүхэд гомдол гарган асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн юм. Ингээд өчигдөр Нийслэлийн шүүхэд хурал товлогдон Хан-Уул дүүргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болголоо. Учир нь тус шүүх нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцэхдээ процессийн алдаа гаргаж шийдвэрлэсэн гэж үзжээ. Тодруулбал, дүүргийн шүүгч Н.Мөнхбаяр шүүх хурлыг хариуцагч, нэхэмжлэгчгүйгээр Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг буруутай гэсэн шийдвэр гаргасан юм байна.

Ингээд Н.Төмөрхүү, С.Чинзориг нар ялалт байгуулсан тул УИХ-ын гишүүний тангаргаа өргөх эрхтэй болж байгаа юм.

Харин Г.Батхүү, Д.Зоригт нар ахин цагдаагийн байгууллагад хандана гэж мэдэгдээд байгаа. Гэвч МАН-ын гишүүдийн өмгөөлөгчийн мэдээлсэнээр уг хэргийг цагдаа болон прокурорын байгууллага хянаж, нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон тул дахин цагдаад гомдол гаргалаа ч хүлээж авахгүй байх үндэслэлтэй хэмээн мэдэгдлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top