Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын хувьд АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, тус улсаас манай оронд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь олон талын ач холбогдолтойг дурдав. 2011 оны байдлаар Монгол Улсад АНУ-ын хөрөнгө оруулалттай 289 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 117 нь худалдаа үйлчилгээний, 19 нь геологийн хайгуул, олборлолтын, 13 нь аялал жуулчлалын, 11 нь хөнгөн үйлдвэрийн, 6 нь банк санхүүгийн, 4 нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт ажиллаж байна. АНУ-тай хийсэн худалдаа 2011 оны 12 дугаар сарын байдлаар 541.9 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 376.9 сая ам.доллараар буюу 3.29 дахин өсчээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад ажлын амжилт хүсч, ардчилал, эрх чөлөөт нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа эдийн засаг төдийгүй боловсрол соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Кэмбэлл дээрх салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )