МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгчийн бие муу байна. Тэрбээр хоёр сар гаруйн өмнө хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь нэлээд дордон, эрчимт эмчилгээнд ороод удаагүй байхдаа буюу энэ сарын 3-нд долоон тэрбумын авлигын хэргээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил ял сонсон хоригдсон.
Гэвч түүний бие дахин муудаж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад орох шаардлагатай болсон учраас өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд байгаа билээ. Үүнээс өмнө тэрбээр энэ сарын 15-нд хорихын эмнэлгийн өрөөнд ном уншиж байгаад 30-аад минут ухаан алдаж унасныг эмч нар мэдэгдсэн юм. Түүний биеийн байдалтай танилцсан анагаах ухааны доктор, хүний их эмч А.Нотагийн хэлж буйгаар экс Ерөнхийлөгчийн ухаан алдсан нь өлсгөлөн зарласантай холбоотой аж. Тодруулбал, ухаан алдсан шалтгаан нь өлсгөлөнгийн дараах тархины үйл ажиллагааны доройтлоос болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, бүх эд эрхтэн нь эсээ алдаж байгаагийн илрэл аж. Мөн Н.Энхбаярын арьс даавуу шиг сунасан байдалтай байгааг ч эмч нар баталж байгаа юм. Өлсгөлөн зарласны дараа эмчилгээ хийх нь нэлээд ярвигтай бөгөөд ийм хүнд эмчилгээ хийхдээ алгуурхнаар тайван нөхцөлд хийх шаардлагатай юм байна.
Экс Ерөнхийлөгчийг ийн хорьсны дараа түүний эхнэр О.Цолмонгийн хэлсэнчлэн өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэхээр л Н.Энхбаярыг цааш нь харуулахаар шийдсэн бололтой авир гаргаж эхэллээ. Тэрбээр өөрийн мэдлийн хууль шүүхийнхнээрээ түрий барьж, Н.Энхбаярт эмчилгээ хийхийг хориглон, хэд хоног чангалсны дүнд арай хийж эмнэлэгт хүргэв. О.Цолмон тухайн үед ярихдаа “Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “алъя” л гэж байсан хүн. Нөхрийг минь баривчилсныхаа дараа боомилсон ч юмуу, ер нь их сонин юм хэрэглэсэн юм шиг байгаа юм. Нөхрийн маань бие баруун хөлнөөсөө эхлээд дээшээ мэдээ алдаж эхэлсэн. Тухайн үед бүх эмч үзээд учрыг нь олоогүй. Гэхдээ надад нэг мэдээлэл ирсэн юм. Эндээс авч явахдаа Н.Энхбаярыг боомилсон. Түүнийг боомилоод явж байсан залуусын нэг нь ингэж ярьсан байна билээ. Түүнд ямар нэгэн хортой зүйл хийсэн гэж бодож байгаа. Ерөөс Ардчилсан нам бол ардчилсан нам биш юм байна. Одоо нэгэнт тийм газар уруу явуулж байгаа юм чинь Н.Энхбаярыг дуусгана л даа. Энэ бол ойлгомжтой. Миний ханийг алах юмаа бүгдийг хийчихсэн байгаа энэ хүн” хэмээн айл бүхний хойморт залардаг цэнхэр дэлгэцээр ам бардам ярьсан нь хэдхэн хоногийн өмнөхөн. Түүний хэлсэн үг үнэхээр л эхнээсээ биеллээ олж байх шиг. Н.Энхбаяр гэдэг хүнийг замаасаа зайлуулах нь Ц.Элбэгдоржид олон талын ашигтай байгаа нь лав.
Тиймдээ ч тэрбээр ухаан алдаж унан, бие нь улам муудсан гэх эмч нарын дүгнэлтийг үл тоон Н.Энхбаярыг хорьсоор байв. Гэвч арай олны өмнө шоронд амьсгал хураалгачихгүйн тулд сая нэг эмнэлэгт хүргэх зөвшөөрөл өглөө. Өөрийн харьяанд байдаг хууль шүүхийн байгууллагаа Ц.Элбэгдорж ингэж л барьж чадаж байна. Олны дунд Н.Энхбаярын бие муудлаа хэмээн худлаа шоуддаг гэсэн яриа түгсэн нь Ц.Элбэгдоржид илүү боломж олгоод байна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч өвдлөө гэсэн мэдээлэлд олон нийт итгэхгүй хэмээн тооцоолж, ирэх сонгуулийнхаа замыг засч суугаа нь тэр. Гэвч нөгөө л шоугаа хийж байна хэмээх зуур Н.Энхбаяр амь насаа алдахгүй гэх баталгаагүй болоод байна. Төрийн тэргүүнүүд ийнхүү өс хонзонгийн улмаас биеэ яллаж, шоронд хийх үзэгдэл давтагдахгүй гэх баталгаа үнэндээ алга. Муугаар бодоход Н.Энхбаярт элдэв муу зүйл тохиоход тэдний ар гэрийнхэн болоод намынхан нэн тэргүүн Ц.Элбэгдоржийг яллах, түүнийг буруутгах бодлого барих нь зүй. Энэ ч утгаараа дараагийн Ерөнхийлөгчийн даалгавар, тушаалаар Ц.Элбэгдоржийг ч элдэв хэргээр шоронд илгээх ч юм бил үү, хэн мэдлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: unen.mn
Сэтгэгдэл ( 0 )