Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны 08 дугаар сарын 25-ны бямба гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийлээ.
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан анхны шийдвэрээрээ Төрийн ордоныг иргэдэд нээлттэй болголоо.
Ингэснээр өмнө нь хаалттай байсан “Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө-цогцолбор”-т иргэд, оюутан, сурагчид тэмдэглэлт ой, хурим, олон нийтийн бусад арга хэмжээ зохиох үедээ Төрийнхөө ордонд зочилж, Чингис хаан болон бусад хаан, баатрын дурсгалт хөшөө, галерей, Төрийн түүхийн музейг үзэж сонирхох боломжтой болж байна.
Өөрөөр хэлбэл 08 дугаар сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас хойш иргэд Төрийнхөө ордонд тодорхой цагийн хуваарийн дагуу Чингис хааны хөшөө талаас чөлөөтэй нэвтэрч, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд саад учруулалгүй Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр, иргэний харилцааны талаарх баримтыг сонирхон, их хааныхаа хөшөөнд мөргөж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн зургаа татуулах боломжтой. Иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэх үед ямар нэгэн бичиг баримт, төлбөр шаардахгүй юм байна.
Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох нь иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүх, соёлоо дээдлэн хүндлэх, гадаадын жуулчдад улсынхаа төрт ёс, төрийн түүх, үндэсний зан заншлыг таниулахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэн ийм шийдвэр гаргажээ.
Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиож байгаа. Цаашид 7 хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагт төрийн хүндэт харуул Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байх бөгөөд иргэд энэ үеэр хүндэт харуулынхантай дурсгалын зураг авахуулж болно.
Түүнчлэн тэмдэглэлт баярын өдрүүдэд хүндэт харуулын цэргүүд Д.Сүхбаатарын талбайд 09 цагаас Төрийн далбаа мандуулах ёслол хийж байхаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )