Төрийн албаныхан ажлын цагаар интернет ашиглахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27


 

Засгийн газар төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглаж байгаа компьютерийг интернетээс тусгаарлах, тухайн компьютерээс мэдээлэл хуулах, гадагш гаргах эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах боломж бий болгох, төрийн байгууллагууд дахь утасгүй интернетийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрсөн байршлуудад ашиглах нөхцлийг бүрдүүлэхээр боллоо.

Ингэснээр төрийн албан хаагчид ажлын цагаар интернетээр “зугаалах”-аа больж, хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэн, цаг ашиглалт сайжирна. Мөн төрийн 80 гаруй байгууллага хоорондоо сүлжээгээр мэдээлэл солилцох боломж бүрдэж, төрийн мэдээллийн аюулгүй байдал хангагдах юм.

Үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулах, удирдлагаар хангах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна.

 

ТОВЧ МЭДЭЭ

  • Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизель түлшний хангамж, жижиглэн худалдаалах үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцлээ. Асуудлыг хэрхэн зохистой шийдвэрлэх талаар нухацтай ярилцсаны дараа тодорхой санал, боломжит хувилбарыг нарийн тооцоо, судалгаатай боловсруулж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болголоо. 
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Олон улсын чиглэлийн зорчигч, бүртгэлийн танхимын хогийн савнаас сэжигтэй зүйл илэрсэнтэй холбоотой асуудалтай танилцлаа. Мэдээлэл ирсэн даруйд олон улс, орон нутгийн нислэгүүдийг түр зогсоон, зорчигчдыг аюулгүй газар шилжүүлж, шалгалт хийсэн байна. Сэжигтэй зүйл нь дуу чимээ, утаа гаргадаг, хүний биед хоргүй, сургалтад ашигладаг хэрэгсэл болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон учир нислэгийг 3 цаг 40 минутын дараа хэвийн үргэлжлүүлж эхэлжээ.
  • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зүйтэй хэмээн үзэж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорттой иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top