Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаа хийн амралтын өдрүүдээр иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтрэх, автомашины дугаарын төгсгөлийн тооноос хамааран замын хөдөлгөөнд оролцох гэх мэт шинэлэг гэхээр зүйлсийн талаар хэлэлцэн баталсан билээ.
Өнгөрөгч амралтын өдрөөр Төрийн ордондоо орж үзэн сэтгэгдэл өндөр байгаа олон түмнийг харахад энэхүү арга хэмжээ хүмүүсийн сэтгэлд үнэхээр их таалагдаж байгаа нь мэдрэгдэж байв. Хүмүүс ордны багануудыг гараараа илэн адис авч, төрийн тугандаа сүслэн мөргөцгөөж байсан нь Ганданд хүрд эргүүлэн, лам нарт мөргөдөг зураглалаас хамаагүй гоё харагдсаныг нуух юун.
Улаанбаатарчуудын толгойны өвчин болоод байгаа автозамын түгжрэлийг сааруулах талаар цогц арга хэмжээ авахаар шийдвэрлэн өнөөдрийн Даваа гаригаас буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон билээ.
Өглөө ажилдаа ирэх замдаа харж байхад автомашинуудын түгжрэл, бөөгнөрөл харьцангуй багассан нь мэдэгдэхээр байлаа. Харин өнөөдөр хөдөлгөөнд оролцох ёсгүй 1,6-аар төгссөн дугаартай автомашиныг ажиглан 8.00-8.30 цагийн хооронд зориуд нүдэнд өртсөнөө тоолж үзэхэд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьцангуй олон гэхээр 45 машин замын хөдөлгөөнд оролцож байв. Энэхүү автомашины дугаартай холбоотой зохицуулалтын талаар зарим жолооч нар хүртэл тодорхой мэдээлэл авч чадаагүй хэмээн ярьцгааж байлаа. Иймд боломжтой бүх мэдээллийн сувгийг ашиглан олон нийтэд түгээн тараах нь зүйтэй болов уу.
Дараагийн бас нэг шинэлэг гэхээр шийдвэр бол төрийн албан хаагчдын унааны зохицуулалттай холбоотой асуудал байв. Тэд ажилдаа ирэхдээ хувийн унаагаа унаж ирэн ажлын байрныхаа гадаа тавьж болохгүй, төрийн үйлчилгээг хүртэх ёстой ард иргэддээ зориулан гадна автозогсоолоо чөлөөлж өгөх ёстой гэсэн бодлогын дагуу өнөөдрөөс эхлэн өөр арга замаар ажилдаа ирж очих болсон байна. Үйлчлүүлэгчидтэйгээ хамт нийтийн тээврээр зорчих, таксидаж “тансаглах”, хувийн жолоочтой болж “томрон” өглөө ажилдаа хүргүүлээд орой авахуулах гээд хүссэн арга замаа сонгох боломжтой. Үнэхээр л төр түмнийхээ төлөө төрсөн биеэ хайрлахгүй хэмээн тангараг өргөсөн хүмүүс гэдгээ харуулах цаг болсон гэлтэй. Зарим эх сурвалжаас харахад төрийн албан хаагчдын нэлээдгүй хэсэг нь “яг автобусаар явж харагдаач” гэж томроод хуучин бахь байдлаа хадгалахаар шийдсэн бололтой, харин дээд түвшний, өндөржүүлсэн ухамсартай хэсэг нь арай өөрөөр хандаж байгаа бололтой, Э.Бат-Үүл дарга автобусаар зорчино гэсэн мэдээлэл харагдаж байсан.
Ер нь амьдрал дээр хараад байхад дээд түвшиндээ олон сайхан зүйлс санаачлан шийдвэр гаргадаг боловч яг хэрэгжих дээрээ тулаад ирэхээр дунд, доод түвшиндээ сарнин замхардаг сонин үзэгдэл байдаг. Ямар сайндаа “Монголын хууль гурав хоног” гэсэн ардын хэлц үг болтлоо хүмүүсийн ухамсар, оюун санаанд суулгагдсан байх билээ. Хууль, дүрэм журам гарсан даруйдаа сонин дээрээ соохолзоно гэгчээр жигтэйхэн эрчтэй хэд хоног мөрдөж, сүржигнэж байснаа аажмаар бүгд мартан хуучин хэвэндээ орцгоодог. Энэхүү байдал энэ удаад бас бүү давтагдаасай гэсэн чинхүү хүслийн улмаас дуугүй байж тэвчсэнгүй...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )