Монгол улсын Ерөнхийлөгч ирэх сард шахуу төлөвлөгөөтэй ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж наймдугаар сарын 30-31-нд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцохоор маргааш Ираны нийслэл Тегераныг зорих гэж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улсын төрийн өндөрлөг, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцох ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараагаар үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийх юм.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь 1960-аад оноос эхтэй бөгөөд дэлхийн 118 улсыг эгнээндээ нэгтгэсэн томоохон хөдөлгөөн юм.  Монгол Улс тус хөдөлгөөний гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд дээд болон сайд нарын түвшний уулзалтуудад тогтмол оролцож ирсэн байна.

Ерөнхийлөгчийн өнөөдөр хийх айлчлалын талаар болон бусад цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс тодруулга авсан юм.

- Энэ удаагийн айлчлалын зорилт?

- Ерөнхийлөгчийн зүгээс нэг зорилт тавьж байгаа. Тодруулбал Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монголын түүхтэй холбоотой дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

- Ерөнхийлөгчийн  ирэх сарын  ажлын төлөвлөгөөнөөс дурдвал?

- Ирэх сард Ерөнхийлөгч шахуу хуваарьтай ажиллана. Туайлбал зөвхөн гадаад айлчлалын талаар дурдая. Ирэх сарын тавнаас долооны өдөр Индонезийн Ерөнхийлөгч манай улсад айлчилна. Үүний дараа ирэх сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамбелийн 27-р чуулганд оролцоно. Үүнээс гадна төлөвлөгөөт ажил цөөнгүй бий.

- Индонезийн Ерөнхийлөгчийн айлчлалын талаар тодруулбал?

-  Индонезийн Ерөнхийлөгчийн манай улсад хийж байгаа гурав дахь удаагийн айлчлал юм. Азийн улсуудад ардчиллыг хэрхэн бэхжүүлэх вэ? гэдэг асуудлаар ярилцана. Түүнийг дагалдан тус улсын сайдууд болон бизнесмэнүүд ирнэ. Тэгэхээр олон салбарт хамтран ажиллах талаар яригдана.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top