“Шударга ёс” эвслийн бүлгийн ээлжит хурлаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон, эвслийн бүлгийн 11 дэх гишүүнийг УИХ-д оруулж ирэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга О.Баасанхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.3-т өөрчлөлт оруулах талаар өргөн барих гэнэ. Энэ асуудлыг ерөнхий чиглэлийн хувьд уг бүлгийн гишүүд дэмжиж, холбогдох хүрээнд нь авч хэлэлцэхээр болжээ. Манай улс 1990 онд ардчилсан улс орон болсоноос хойш хүний эрх, тэр дундаа халдашгүй эрхийн асуудал дээд цэгтээ яригдаж, НАХЯ-ыг татан буулгаж эрх мэдлийг нь багасгасан түүхтэй. Гэтэл өнөөдөр шүүх засаглалын гүцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллага хэтэрхий олон болж замбараагаа алдсан. Мөн 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 79.3-т заасан заалтыг нэмж оруулсанаар бусдад ял тулгах буюу мэтгэлцээнгүйгээр ял хүлээлгэх явдал ихсээд байгаа. Тиймээс уг хуулийн заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Үүний тод жишээ бол долоон сарын 1-ний үйл явдал юм.
Олон улсын хүний эрхийн баримтаас авч үзвэл тухайн хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэхээс гадна өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл манайд өөрөө өөрийгөө өмгөөлөх нь битгий хэл бусдаар өмгөөлүүлэх эрхийг нь хаах тохиолдол цөөнгүй гардаг. Олон улсын жишгээс харахад, гүйцэтгэх ажиллагаа дангаараа нотолгоо болдоггүй. Харин хэргийн талаарх мөрдөн байцаалт явуулж байж л тэр нь нотолгоо болдог байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга О.Баасанхүү хэлэхдээ “Хэн нэгний гүтгэлэг, нотлох баримтгүйгээр бусдыг буруутган яллана гэдэг байж боломгүй үйлдэл. Өнөөдөр Монгол Улсын хүн амын бараг 90 хувь нь гар утсаа чагнуулж, хувийн мэдээллээ алдаж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харилцаа холбооны зохицуулах тухай хуульд үүрэн телефоны компаниуд шүүлтүүрийн системийг тавьж болно гэж заасан байгаа нь зүйд нийцэхгүй асуудал. Хүний эрхийн халдашгүй байдал бүрэн хангагдсан гэхэд эргэлзмээр иймэрхүү асуудал олон байна” гэж байв.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )