Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын дэд сайд нарыг томиллоо. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулга, Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуяг, Сангийн дэд сайдаар С.Пүрэв, Хууль зүйн дэд сайдаар Э.Эрдэнэжамьян, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгальмаа, Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр, Боловсрол,шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ургамалцэцэг, Зам тээврийн дэд сайдаар Х.Ержан, Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайдаар М. Түмэнжаргал, Уул уурхайн дэд сайдаар О.Эрдэнэбулган, Хөдөлмөрийн дэд сайдаар Ж.Батхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Э.Тамир, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбат, Эрчим хүчний дэд сайдаар Д.Доржпүрэв, Эрүүл мэндийн дэд сайдаар Ж.Амарсанаа нарыг тус тус томиллоо . Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай байх бөгөөд Б.Цогтгэрэл, Ц.Туваан нар энэ албанд томилогдлоо.
Мөн өдрийн хуралдаанаас зарим томилгоог хийлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар Д.Баярсайхан, Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Жадамбаа, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр И.Нарантуяа, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдорж, Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Гүнбазар нарыг тус тус томиллоо. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг ажлаас Р.Содхүү, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас Д.Мөрөн нарыг чөлөөлөв.
Мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Түүнчлэн Цөмийн энергийн газрын даргаар Тэгшбаярыг, Газрын харилцаа, зураг зүйн газрын даргаар А.Хүрэлшагайг тус тус томиллоо.
Сэтгэгдэл ( 0 )