Төсвийн байнгын хороо найман хуулийн төсөл хэлэлцсэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

 

Дөнгөж сая  Төсвийн байнгын хороо мэдээлэл хийлээ.  Төсвийн байнгын хороо өнгөрсөн хугацаанд найман хуулийн төсөл болон  УИХ-ын тогтоол шийдвэрийг хэлэлцсэн байна.  Үүнээс хамгийн гол хэлэлцсэн асуудал нь 2012 оны төсвийн тодотгол байв.  Төсөвт тодотгол хийх үндсэн хоёр шалтгаан байсан юм байна.  Тодруулбал  Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон бөгөөд яам нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор салбарын төсвийн багцийг өөрчлөх шаардлага гарсан аж. Тухайлбал Хөгжлийн яаманд хоёр тэрбум төгрөгийг тусгасан байна.   Харин төсөвт тодотгол  хийх болсон дараагийн шалтгаан нь улсын төсөвт орж ирэх ёстой байсан 1,8 их наяд төгрөг орж ирээгүй ажээ.  Энэ нь үндсэн хоёр шалтгаантай гэнэ.  Оюутолгойгоос 900 тэрбум орж ирэх байсан бөгөөд  дэлхийн эдийн засгийн хямрал нь манай улсын экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлж, татвараас орж ирэх  орлого буурсан аж.  Мөн дотоод зарим нэг шалтгаан ч байсан гэнэ.  Тодруулбал өмч хувьчлалын орлого буурсан байна.  Тухайлбал Төрийн банкны өмч хувьчлалаас 80 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх байсан ч энэ нь бололцоогүй болсон аж. Мөн  Хүний хөгжлийн санг бүрдүүлэх  эх үүсвэр 40 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Харин нэг сайн мэдээ байна.  Өөрөөр хэлбэл төсвийн тодотголоор манай улсад нэмэгдэж байгаа орлого 120 тэрбумаар нэмэгджээ. Тодруулбал Тамхины  ОАТ-19 тэрбум, ХАОАТ-11 тэрбум, дизель түлшний татврыг нэмсэн нь ийнхүү төсөвт нэмэр болж байгаа гэнэ.

Өнөөдөр манай улсын төсвийн алдагдал ДНБ-ий 4,9 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Тэгвэл энэхүү алдагдлыг бонд гаргах замаар шийдвэрлэх ажээ.

Цаашид 2013 оны төсвийг хассан, танасан бодлого баримтлахгүйгээр хувийн хэвшлийг хөгжүүлэх, авч үлдэхэд голлон анхаарна гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн  мэдээллээ.  

 

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top