МАН-ын гишүүд төрийн ажлыг гацаасаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой байсан ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас өнөө хэр нь эхлээгүй байна. Өчигдөр Төрийн ордны гадна МАН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, Төрийн ордон руу гишүүдийг нэвтрүүлэхгүй, орж, гарах гарцыг хаасан бол ордон дотор ч МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын ар, өвөр хаалгыг таглан суулт хийснээр УИХ-ын чуулган бүтэн өдөржингөө хуралдаж чадаагүй билээ.      

Төрийн ажлыг гацаасан энэ байдал өнөөдөр ч хэвээр, МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд ордон доторхи  суултаа үргэлжлүүлж байна.

Хуваарь ёсоор бол өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий УИХ-ын гишүүдийн  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудал болон Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх ёстой билээ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх зэрэг улс орны амин чухал 10 гаруй асуудал орсон байгаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэвэр, тэтгэмж, төсвийн байгууллагынхны цалин, иргэдийн эрүүл мэндийн даатгалтай холбоотой чухал асуудлууд шил шилээ даран хүлээсээр байна.

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр жагсагчдаас үдээс хойш УИХ-ын үйл ажиллагаанд саад хийхгүй байх, гишүүдийг Төрийн ордонд нэвтрүүлэхийг хүссэн бөгөөд тэдгээр гишүүдийн тавьсан асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, улмаар санал хурааж шийднэ гэдгээ хэлсэн билээ. Гэвч МАН-ын гишүүд асуудлыг хуралдааны танхимд орж хуулийн дагуу шийдвэрлэхээсээ илүү суулт, эсэргүүцлийг урьтал болгож байгаагаас олон асуудал шийдлээ хүлээсэн энэ эгзэгтэй үед улс орны ажил цалгардаж байна.

МАН-ын жагсаал цуглааны улмаас УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хоёр дахиа ийнхүү тасарч, улс орны төсөв санхүү, эдийн засгийн асуудлууд тэр хэмжээгээр гацаанд ороод байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top