Монгол Улсад Үйлдвэржилтийн шинэ эрин эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20


ҮХАА-н яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Ц.Туваан яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал үйлдвэрлэлийн бодлого зохицуулах газрын дарга нар, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн үйлдвэрлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн урилгаар оролцсон юм. Өнөөдрийн арга хэмжээгээр Монгол Улсад үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж, Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортолж, эдийн засгийн хувьд түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг албан ёсоор зарлалаа. Арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдээ өөрсдөө нэмүү өртөн шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн орон болох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг амьдралд хэрэгжүүлэгчид ийнхүү ажилдаа орж байна. Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар тэргүүн эгнээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг ҮХАА-н сайд Х.Баттулгад гардууллаа.

Төр, хувийн хэвшлийн хамтрын ажиллагааны санамж бичигт Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, УБТЗ нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нар гарын үсэг зурлаа. Ингэснээр зорчигчдод үйлчилдэг тус хоёр байгууллага үйлчилгээндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох юм.

Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай санамж бичигт БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Х.Баттулга нар гарын үсэг зурав.

Үйлдвэржилтийн шинэ эрин үе арга хэмжээнд оролцогчдод хандах ҮХАА-н сайд Х.Баттулга “Үйлдвэрлэгчид маань дандаа зовлон тоочиж, болдоггүй зүйл олон байгааг олж хараад үглэж хий дэмий хэдэн хурал чуулган хийж суудаг байсан бол өнөөдөр тулгамдсан асуудлаасаа гарах гарц, ололт амжилт, бүтээн байгуулалтыг хэлэлцэн энэхүү танхимд  хуран цугласан байгаад баяртай байна.” гэлээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top