Сүүлийн өдрүүдэд сонгуулийн будлиан, түүнтэй холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрээс үүдэлтэйгээр МАН ба АН-ын хооронд санал зөрөлдөж, МАН-ын гишүүд, дэмжигчид хараат байдалд орсон шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, жагсаал цуглаан хийв.
МАХН-аас энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ард түмэн, улс төрийн хүчнүүдэд мэдэгдэл гарган хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “2012 оны УИХ-ын сонгуулийн будлиан, СЕХ-ны хууль бус шийдвэрээс болж хамгийн их хохирсон улс төрийн хүчин бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Тухайн үед СЕХ-ны хууль бус шийдвэрээр МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр болон МАХН, МҮАН-ын зарим гишүүд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдаж байсан. Мөн сонгуулийн үеэр иргэний үнэмлэх шинээр хэвлэж олноор нь тарааж будилуулсан, бэлэн мөнгө их хэмжээгээр тараасан, машинаар санал хурааж тоолсон зэрэг олон хууль бус үйлдлүүд гарч байв. Гэтэл тэр үед МАН-ынхан шударга ёс, хараат шүүхийн талаар ийнхүү дуугарч байгаагүй” хэмээн онцлон хэллээ.
МАХН-аас гаргаж байгаа уг мэдэгдлийг дэмжин Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Д.Солонго тэргүүтэй Сонгинохайрхан, Баянгол зэрэг дүүргүүдийн 50 гаруй хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа хэлж Г.Шийлэгдамбад анкетуудаа гардуулан өгсөн юм. Энэ талаар Д.Солонго “Хууль бус үйлдэл газар авч, шүүх бүрэн хараат болж шударга ёс, ардчилсан нийгэм улам бүр хүчгүйдэж байна. Энэ үед МАХН МАН-ын эсэргүүцэл илэрхийлж байгаа энэ үйлдэлд маш зөв дүгнэлт хийн мэдэгдэл гаргаж байна. Энэхүү мэдэгдлийг бид дэмжиж байна. Бид бүгд шударга ёс, ардчилсан нийгэм, хараат бус шүүх, хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэггүй тэр сайхан цагийн төлөө тэмцэнэ” гэлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )