Өнөөдөр үдээс өмнө хуралдсан АН-ын бүлэг 14 цагаас мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс МАН-ын хийж байгаа үйлдэл нь Төрийн ордны тухай хуулийн тодорхой энгийн заалтуудыг зөрчсөн хэмээн үзээд байгаа юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Өнөөдөр хуралдсан манай намын бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн талаар болон МАН-ын гаргаад байгаа асуудлын талаар ярилаа. Бид төсвөө яаралтай батлах хэрэгтэй байна. Гэвч МАН-ынхан сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй чуулганы хуралдааныг эсэргүүцэн танхимынх нь хаалгыг даран суугаад байгаа нь төсвийн хэлэлцүүлгийг гацаалаа” хэмээв.
Мөн Өвөрхангайтай холбоотой асуудал ч биш зөвхөн хуулийг яаж сахиулах вэ гэдэг дээр АН-ынхан санал бодлоо ярилцсан гэнэ. “Манай намын хувьд ганц хоёр суудлын араас улайраад ганцаараа засаг барих гэсэн санаархал огтхон ч байхгүй. Харин тэгж хардаж байгаа хүмүүс нэлээдгүй байгаа бололтой. Тэгж ойлгож үүнд ач холбогдол өгч байгаа бол энэ дэндүү хариуцлагагүй үйлдэл. Хууль зөрчиж асуудлыг шийднэ гэж хэзээ ч байхгүй. Энэ хуулийг МАН олонх байхдаа өөрсдийнх нь зохиосон хууль шүү дээ.
Төрийн ордонд хоёр хоног жагсаал ч биш цуглаан ч биш эсэргүүцэл илэрхийллээ. Үнэхээр хууль зөрчлөө шүү дээ. Бид зүгээр хараад л хүндэтгэлтэйгээр хандаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг бүгд л мэдэж байгаа. Тэгэхлээр хэн ч байсан хуулиа л мөрдөх ёстой” гэж мэдэгдлээ.
"Энэ долоо хоногт чуулганы хуралдааныг хуралдуулах уу? Өвөрхангайн асуудлаас бусад асуудал дээр МАН-ынхан эсэргүүцээгүй шүү дээ" гэж сэтгүүлчдийн асуухад
-УИХ-ын дарга энэ гурав дахь өдрийн үдээс хойш нэгдсэн чуулганыг хуралдуулах чиглэл өгсөн. Ямар ч байсан чуулганаар хэлэлцэгдэх асуудлын эхэнд гишүүдийг тангараг өргүүлэх асуудал орсон байгаа гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 1 )
Shiver me timbers, them”s some great ininamrtfoo.