Зэрэг нэмэхийн өмнө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Ноён зэрэг нэмэхээс урьтаад нохой зэрэг нэмчихлээ гэдэг шиг л үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж эхэллээ. Өвөрхангай аймаг буюу сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын ялалтыг баталгаажуулахыг хүссэн айм­гийн иргэд Улаанбаатарыг зорин ирж, Төрийн ордны гадна жагссан. Үүнтэй зэрэгцэн Өвөрхангай аймагт ч мөн жагсаал болж өнгөрчээ.

УИХ-ын сонгууль болж өнгөрснөөс хойш дөрвөн сар өнгөрлөө. Харин энэ хугацаанд АН-аас дэвшсэн хоёр нь нэр цэвэр, МАН-аас дэвшсэн хоёр нь хар толботой болж хувирав. Үнэндээ бол Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг луйвардсан гэдэгт Өвөрхангайчууд бат итгэлтэй байгаа юм билээ. Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонголтоо хийсэн. Түүндээ ч сэтгэл хангалуун байсан аж. Харамсалтай нь түмний санал биеллээ олж, сонгогдсон хүмүүс нь суудалдаа суусангүй хоосон хоцорч, оронд нь ондоо ноёдууд тангараг өргөж зэрэг нэмэх болоод байна.

Өнгөрсөн сонгуулийн үр дүнд С.Чинзориг 48, Н.Төмөрхүү 43, Г.Батхүү 40, Д.Зоригт 34, Шийлэгдамба 12 хувийн саналыг тус тус авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Чинзориг Г.Батхүүгээс 3554, Д.Зоригтоос 6698, Н.Төмөрхүү Г.Батхүүгээс 1328, Д.Зоригтоос 4472 орчим саналаар илүү гэсэн үг. Хэдэн зуу биш хэдэн мянган хүний саналын зөрүүтэйгээр санал авч Өвөрхангайчуудын итгэлийг хүлээжээ. Гэтэл байдал ийм байхад иргэдийн сонголтыг үл хүндэтгэн Г.Батхүү, Д.Зоригт нь гишүүн болох шахаад юу юугүй зэрэг нэмэх гээд байна. Ямартай ч Өвөрхангайн сонгуулийн маргаан “Зэрэг нэмэхийн өмнө” гэгчээр болж байх шиг. Их хүссэн хүнээр төр бүү түшүүл гэдэг дээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top