Орос-Монголын 100 жилийн ойтой давхцжээ
Дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир “Есенин Монголд” шинэ номоо өлгийдөн авав. Өмнө нь “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны дор” зэрэг яруу найргийн зургаан номтой яруу найрагч маань энэ удаад Оросын уран зохиолын мөнгөн үеийн яруу найрагчийн нэг Сергей Есениний тухай өөрийн хоббигоор 20 орчим жил цуглуулсан цуглуулгаа эмхэтгэн ном гаргажээ. Орос-Монголын харилцааны 100 жилийн ойтой давхцан гаргасан энэхүү номонд С.Есениний тухай Монголын хэвлэлд гарсан шүлэг, орчуулга, намтар өгүүлэл, дурсамж, сонины мэдээ, түүхэн зураг уран зохиолын бүх төрөл жанрын бүтээлүүд багтжээ.
“Хуурын эгшгээр тэмээ буйлуулж чаддаг нь Монголчууд” хэмээн нүүдэлчин бидний тухай өгүүлж байсан энэхүү нэрт яруу найрагчийн “Шагане” шүлгийн зургаа, “Хус” шүлгийн таван монгол орчуулгыг бүлэглэн оруулсан нь зохиолч, яруу найрагч, орчуулагчдад төдийгүй, орчуулга, яруу найраг сонирхон оролддог оюутан залууст хүртэл сонин сайхан байх нь гарцаагүй ээ.
Яруу найрагч Д.Ган-Очир “Есенин Монголд” номоос гадна тун удахгүй өөрийн дөрөв дэх “Хайрын улирал” шилдэг дууны цомгоо үзэгч, сонсогчдодоо толилуулах гэж байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )