Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллахаар боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ асуудлаар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Нефть шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтвортой барих, эдгээр барааны үнийн огцом өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг тээвэрлэлтийн зардлыг бууруулах, мөн орон сууцны үнийг огцом өсгөхгүй байлгахад чиглэсэн олон талт ажил багтсан хөтөлбөрүүдийг санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрүүд тус тусдаа хэрэгжүүлэх механизмтай, үнийн огцом өсөлт үүсгэдэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах зах зээлийн зохицуулалттай байна. Дээрх асуудлуудыг уян хатан шийдвэрлэх мөнгөний зохистой бодлогыг Монголбанкны зүгээс баримталж, хувийн хэвшлийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө инфляцийг нэг оронтой тоонд барих том зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихаар ийнхүү таван чиглэлээр бие даасан хөтөлбөр боловсруулсан. Зах зээл дээрх гол оролцогч болох хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх, эрсдэлтэй цэгүүд дээр төрөөс зохицуулалт хийх, шат дамжлагыг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, зарим чухал цэг дээрх хяналтыг чангатгах гэх мэт олон талт ажлыг хэрэгжүүлнэ. Ингэснээр илт мэдрэгдэх үр дүнгүүд харагдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Инфляцийг тогтвортой түвшинд барих, гол нэрийн барааны үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын талаар тухай бүрт дэлгэрэнгүй мэдээлж байх болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )