УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд түр хойшлуулахаар тогтлоо.
Уг журмын төслийг боловсруулахдаа Гаалийн тухай хууль болон төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журамд заасан зарчмыг баримталсан гэдгээ санаачлагч болох Засгийн газрын ажлын хэсгээс илэрхийлж байв.
Харин байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад дийлэнх гишүүдийн гаргасан саналын дагуу дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулсан.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ тал дээр нэлээд тодорхой тайлбар хийж, одоогоор төрийн албыг нийтийн болгохтой холбоотойгоор нэгдсэн зохицуулалт бүхий эрх зүйн нэгдмэл стандартад багтахуйц хуулийн төсөл боловсруулагдаад эцэслэгдэх гэж байгаа тул энэ мэт салбарын эрх ашгийг хамаарахуйц зарим асуудлыг эргэж тулхтай харах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг, УИХ-ын дэд дарга Л.Цог нар ч тогтоолын төслийг хойшлуулах саналтай буйгаа хэлж байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байсан бөгөөд гишүүд уг асуудлыг дэмжсэн юм. Энэ хуулийн төслийн агуулга нь зарчмын шинжтэй дараах зүйлээр илэрч байгаа аж. Тухайлбал, ...нийтээр тэмдэглэх баярын өдөрт Монгол бахархлын өдрийг 11 дүгээр сарын 14-ний өдөр байхаар нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухай юм байна.
Мөн байнгын хорооны хуралдаанаар “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )