Хамуг Монголын Хөдөлмөрийн нам уриалга гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

 

Улстөр нийгмийн өнөөгийн нөхцөл байдал
ба “Ардчилал аврах” уриалга

Өнөөдөр Монголын сэхээтэн анги хаана явна вэ? Өнөөдөр Монголын хөдөлмөрчин анги хаана явна вэ?

Ухааны онол, ухамсрын онол, философийн онол, улстөрийн онол, соёлын онол, хүмүүсийн хоорондын харицах онол, социологийн онол болон сэтгэлийн буюу сэтгэлгээний онол зэрэг оюуны салбарт чухал үүрэгтэй нийгмийн ухааныг тодорхойлох мэргэжлийн онолууд хаана байна? Онолууд 21-р зууны Монгол оронд дутагдсаар.

Хэрвээ ардчиллын онол ярина гэвэл эрх чөлөөний онол хаана байна вэ? Тэгш эрхийн онол хаана байна вэ? Шударга ёсны онол хаана байна вэ? Эв нэгдэл ахан дүүсийн онол хаана байна вэ?

Хэрвээ хөдөлмөрчин анги ярина гэвэл нэхий дээл, савхин пиджак, өвлийн гутал, арьс ширэн өмд хувцас үйлдвэрлэх ёстой Аж үйлдвэрийн комбинатын ажилчид хаана байна? Тэд хаачсан? Үйлдвэрийн инженерүүд хаачсан? Үйлдвэрийн тоног төхөөрөмж, удирдлагын автомат системүүд хаачсан?

Налайхын нүүрсний уурхай бараг 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Социализмын үед хамгийн сайн чанарын нүүрс түлдэг байсан. Сүүлийн жилүүдэд хамгийн чанаргүй нүүрсээ өөрсдөө түлж хамгийн сайн чанарын нүүрсээ гадаад орнуудад өгч байна. Яагаад ингэж төрөл арилжина вэ? Хүн чанар хаана байна вэ?

Бид капитализмыг алгассан гэж ярьдаг. Тэртэй тэргүй феодализм Монгол оронд хөгжөөгүй тул эхлээд мануфактур, фабрик барих шаардлагатай байсан. Тиймээс социализм энэ феодализмын дутуунуудыг нөхсөн. Харин социализмаас капитализм руу орох бүрэн боломж байсан. Гэтэл капитализм руу ороход хамгийн хэрэгтэй Аж үйлдвэрийн комбинатаа хувьчлал нэрийн дор устгасан.

Аж үйлдвэрийн паркууд Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотуудад байсныг бас л устгасан. Хувьчлал гэдэг мангас Монгол орныг хөдөлмөргүй, сэхээтэнгүй болгож зөвхөн наймаа панз үсэргэж гадаадын барааг эх орондоо худалдаж амьдардаг хар масс болгосон. Улаанбаатараар дүүрэн Азийн орнуудын хоолны газрууд. Энэ чинь зах зээл юм уу, энэ чинь өрсөлдөх чадвар юм уу? Солонгос рестораны зөөгч болох гэж МУИС төгссөн юм уу? Ирээдүйд сэхээтэн болох ёстой залуус гадаадын оромж хайж ирсэн гуйлгачингуудын боол болж байна шүү дээ, бидний нүдний өмнө. Гадаад орнуудын консулууд виз өгөх гэж яасан их шаналгадаг билээ. Тэд ийм л гадны гуйлгачингуудыг оруулахгүй гэж хилээ чангатгаж визээ хатуу шалгаж өгдөг.

Феодализм, социализм, ардчилал болон капитализм гэсэн хүн төрөлхтний байгуулсан том том онолууд. Энэ онолууд хаа ч яригдахгүй явсаар Монгол оронд улстөрийн ойлголт устжээ. Социализм ч бас ардчилал ч хоёулаа эрх чөлөө, тэгш эрх болон эв нэгдлийг уриалдгаараа яг адилхан. Энэ хоёрын ялгаа юу вэ гэхээр ардчилал эрх чөлөөг тэгш эрхийн өмнө тавьдаг. Харин социализм эхлээд тэгш эрх түүний дараа эрх чөлөө гэдэг.

Аливаа нийгмийг сэхээтэн анги, хөдөлмөрчин анги хоёр авч явдаг болохоос улс төрчид авч явахгүй, баян хүн авч явахгүй, мөнгөтэй хүмүүс авч явахгүй, дээдсүүд авч явахгүй, компаниуд авч явахгүй, гадаадын уул уурхайн менежерүүд авч явахгүй. Хэрвээ баян хүмүүс авч явна гэвэл шууд феодлын нийгэм болж бүдүүлэг хоцрогдсон амьдрал руу орцгооно. Монголын сэхээтэн иргэд, монголын хөдөлмөрчин иргэд Монгол орныг авч явах учиртай. Сэхээтэнгүй улс орон л бусдын боол болдог.

Монгол оронд ардчилал олон удаа явагдсан. Хамгийн анх Пан Монголизм Монголын ард түмэн нэгдэж олон Монгол болох гэсэн хүсэл эрмэлзэл байсан. Түүний дараа эрх чөлөөний хөдөлгөөн бас л ардчилал байсан. Яагаад гэвэл ардчилал гэсэн монгол үг Грекийн Демократи гэсэн үгнээс гаралтай. Энэ улс төрийн онол бол ард түмэн юу хүснэ вэ тэр хүслээ биелүүлцгээ гэсэн онол. Монголчуудын хийсэн Ардын хувьсгал бас л ардчиллын хувьсгал байсан. 1921 оны ардчилсан хувьсгал бол хамгийн их утга төгөлдөр хувьсгал байсан. Яагаад гэвэл Монгол хүн дэлхий дээр анх удаа мэдлэг боловсролтой танилцаж шарын шашин, мухар сүсэг хоёроос салсан. Энэ бол Монгол хүний билиг ухааны эрх чөлөө байсан.

Социализмын онол буруу биш зөв. Гагцхүү түүнийг хэрхэн ойлгож мөн хэрэгжүүлсэн тэр үйлдлүүд л зөв эсвэл буруу. Үүнтэй адил бас ардчиллын онол буруу биш зөв. Зөвхөн түүнийг хэлж ярьж буй хүмүүс буруу ойлгодог бас хийхдээ буруу хөдөлгөөн хийдэг. Үүнийг л өнөөдөр ярьж тодорхой болгох цаг үе иржээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг орхигдуулсан байна шүү дээ.

Ардын хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэсэн яриа бий. Тэгвэл ардчиллын 20 жилд мухар сүсгийн тоо эрс өссөн. Яагаад социализмын эринд мухар сүсэггүй байсан Монголчууд гэнэт мухар сүсэгтэй болцгоочихов? Хэн энэ асуултанд хариулах вэ? Америкийн улстөр судлаач Фукуяама гэж хүнийг энэ зун урьж авчирсан. Энэ хүнээс ардчилал мухар сүсэг авчирдаг юм уу гэж хэн асуусан? Фукуяамаг шүүмжлээд зогсож байх тийм хэмжээний ардчиллын онолчийг сүүлийн 20 жилд бэлдээгүй байна шүү дээ.

Социализм Монгол хүнийг дэг журам, сахилга бат, хүн чанар, эв найрамдал зэргээр хүмүүжүүлсэн. Үүнийг Монгол хүн маш амархан ойлгож хэрэгжүүлсэн. Яагаад гэвэл Монголын түүх болон амьдрал ерөөсөө социалист байсан. Боловсрол, урлаг, бие бялдар, мэндлэх хүндлэх ёс, хотжилт гэх мэт иргэншлийн үнэт зүйлс яагаад алдагдав?

Социализм Алтан үеийнхэнтэй. Тэгвэл ардчиллын Алтан үеийнхэн хаана явна вэ? Социализмын алтан үеийнхэн гэж социализмын үед Орос оронд утга зохиол, урлаг, хөгжмийн зохиолч, удирдаач, дуурийн болон драмын мэргэжил эзэмшиж эх орондоо соёлыг түгээсэн хүмүүсийг нэрлэдэг. Хоцрогдсон Монгол оронд тэр хүмүүс орчин үе авчирсан. Тэгвэл ардчилал авчрах ёстой өнөөгийн гадаадад суралцсан залуус юу бүтээнэ вэ? Гадаад боловсрол эзэмшээд ирсэн ардчиллын алтан үеийнхэн байна уу?

Сүүлийн 20 жилийн дотор хамгийн тохиромжтой социализмыг устгаж хаях гэсэн оролдлого Монгол хүнийг ухааны төөрөгдөлд оруулсан. Ямар ч шүүмжлэлгүй, засч залруулахгүй явсаар л. Бүгдийг зөв, цаанаасаа өгөгдсөн гэж төөрчээ. Социализм цэвэр ухамсарын нийгэм. Харин ардчилал ухамсрыг устгаж цэвэр сэтгэлийн хөдөлгөөний нийгэм болж хувирсан. Монгол хүн яагаад ухамсраас сэтгэлийн хөдөлгөөн лүү шилжив? Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нөгөө л амьтанлаг үйлдэл. Идэж уух, дээрэмдэх, хулгайлах, онгирох, гайхуулах, хөөрөх, гутрах, атаархаж хорсох. Өнөөдөр энэ амьтанлаг үйлдлүүдээсээ салж хөрөнгө мөнгө жаргал авчрахгүй иргэншил жаргал авчирна гэдгийг ойлгох хугацаа болжээ.

Монголчууд 20-р зуунд социализм нэрийн дор дэлхийн иргэншилтэй танилцсан. Иргэншил гэдэг зөвхөн гадаад төрхийн иргэншил биш бас дотоод ухааны иргэншлийг хэлнэ. Сүүлийн 20 жилд сэхээтэн ч бас дундаж анги ч хэлмэгдэж хар масс болжээ. Үүний шалтгаан бол иргэншлийн дайсан Манж чанар.

Монгол хүнийг иргэншиж орчин үеийн орон болоход 100 жилийн өмнө хөөж гаргасан Манж чанар өнөөдөр дайсагнасан хэвээр. МАХН сүүлдээ яагаад бууж өгсөн бэ гэхээр Манж чанарт ялагдсан. Тиймээс социализмыг бүрэн гүйцэд байгуулж чадаагүй. Өнөөдөр АН бас л Манж чанарт ялагдаж буй. Үүний баримт бол ардчилал нийгэмд шингэсэнгүй. Монгол оронд жинхэнэ ардчиллыг босгохын тулд Манж чанараас салах ёстой. Дайсан гадна биш дотно.

Нэг жилийн өмнө 5000 бөхийн зодогтой эрчүүд цугларсныг Та бүхэн санаж байгаа. Би хараад мэл гайхаж цэл хөхөрсөн. Яагаад гайхсан бэ гэхээр өнгөрсөн 20 жилд ердөө л бөхчүүд бүтээсэн гэж үү. Хэрвээ 1000 эрийг Америкт инженерээр сургасан бол ямар тустай вэ, хэрвээ дахиад 1000 эрийг Европын орнуудад философи, социологи, антропологи сургасан бол ямар их ачтай вэ. Хэрвээ дахиад л 1000 эрийг Японд байгалийн салбарт физик, хими, биолог сургасан бол ямар их мэдлэг авчрах вэ, дахиад л 1000 эрийг Орос оронд уул уурхайн инженерээр сургасан бол ямар их хэрэгтэй вэ, дахиад 1000 эрийг Сингапурт эдийн засгийн мэргэжлээр сургасан бол яасан их капитализмыг авчрах бол. 5000 дээд мэргэжилтэн цугларсан бол ямар их баяр вэ. Ёстой л "Тунгалаг тамир" кинонд гардаг шиг “мөн ч сайхан даа”.

Өнөөдөр бид ардчиллын мухардалд оржээ. Олон зүйл тодорхой биш байна. Жишээлбэл дараах нийгмийн нөхцөл байдал ажиглагдаж байна:

-          Эрсдэлтэй нийгэм

-          Баталгаагүй төр

-          Төлөвлөх боломжгүй амьдрал

-          Хүсэх боломжгүй хувийн амьдрал

-          Эрх чөлөө төөрөгдсөн улстөр

Ардчиллаа аваръя гэдэг бол ардчиллын онолыг аварцгаая гэсэн ойлголт. Юмыг номоор нь бас онолоор хийцгээе.

Парламентын болон парламентын гадуурх бүхий л намууд хамтран ажиллах шаардлага гарлаа. Яагаад олон улстөрийн намууд байх ёстой гэвэл улстөрийн үзэл бодлуудаараа төрөлжсөн намуудыг үүсгэх зорилготой байдаг. Хэрвээ бүгдээрээ адилхан үзэл бодолтой мөрийн хөтөлбөртэй гэвэл олон намын шаардлага байхгүй. Тиймээс намууд хэн гэдгээ таниулах цаг ирлээ. Баруун бол баруун, зүүн бол зүүн. Нуух хэрэггүй. Энэ бол жинхэнэ ардчилал шүү дээ.

Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам улстөрийн намуудтай хамтран зөвхөн улстөрийн салбарт биш цаашилбал онолын салбаруудад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж нэгдэн ажиллацгаая гэж уриалж байна.

2012 оны УИХ-ын ээлжит сонгууль нь барууны орнуудын улс төрийн намууд төлөвшиж, дотоод ардчилал бэхэжсэн улс төртэй орнуудын сонгуулийн загварыг шууд авч хэрэглэсэн. Энэхүү сонгуулийн шинэ загвар нийт сонгогчдод хангалттай хугацаанд урьдчилан ойлгогдож, тайлбарлагдаагүй тул өнөөдөр парламентын хямралд хүрч байна.

Энэ хямралын хамгийн гол шалтгаан нь жагсаалтаар орж ирдэг сонгуулийн шинэ загвар Монгол орны хөрсөн дээр буулгүйгээр улс төрийн үзэл санаагүй бараг түүхийгээрээ гэж хэлж болох хүмүүсээр парламент бүрдсэн. Үүнд нийт сонгогчид сэтгэл дундуур байна.

Сонгууль ардчилалгүйгээр, улс төрийн төвшин доогуур явагдсантай холбоотойгоор өнөөдөр хэт задгайрч хэнийг ч хүссэн үедээ УИХ-д оруулж ирэх задгайрал илт боллоо. Үүнийг эсэргүүцсэн улс төрийн зарим намууд одоогийн үүсээд буй парламентын хямралыг “Ардчилал хаана байна вэ” гэсэн асуулттайгаар суулт зарлаж буйг бид улс төрийн намын хувьд анхааралтайгаар ажиглаж байна.

Одоогийн үүсээд буй парламентын хямралыг зөвхөн ганц хоёр намуудын шийдэх асуудал биш гэж Хамуг Монголын Хөдөлмөрийн нам үзэж байна. Тиймээс парламентад суугаа зарим намууд болон парламентаас гадна байгаа улс төрийн намуудтай хамтран “Ардчиллаа аваръя” уриан дор нэгдэн ажиллахыг уриалж байна.

Энэ уриа зөвхөн парламентын хямралыг шийдэх биш харин улс оронд сүүлийн хорин жилд засагдаж залруулагдаагүй, дарагдаж нуугдсан улс төрийн хямралыг засаж, зөв замд оруулах үүрэгтэй байх ёстой.

 

Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам

2012 оны 10-р сарын 22

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top