Л.Гүндалай: Ардчилал гэдэг чинь дураараа загнахыг биш, хуулийн дагуу ажиллахыг хэлдэг юм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

МАН-ын гишүүд бичиг барин суулт зарласан билээ. Энэ нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас "патент" авсан хэрэг хэмээн шуугиж байсан. Тэгвэл "патент"-ын эзэнтэй цөөн хором ярилцлаа.

-МАН-аас гишүүд суулт зарласан. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол ардын намын гишүүд сууж байгаа нь хууль зөрчиж байгаа. Тухайлбал Төрийн ордны эрх зүйн тухай хууль. Хуулиа сахих ёстой хүмүүс хууль зөрчиж байгаа нь нийгэмд маш муу үлгэр дууриалал үзүүлж байна. Мөн чуулганы хуралдааныг явуулахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаагийн нэг хэлбэр. Энэ хүмүүс ардчилал гэж юуг хэлдгийг ойлгоогүй байна. Ардчилал гэдэг чинь дураараа загнахыг биш, хуулийн дагуу ажиллахыг хэлдэг юм.

-Гэхдээ энэ талаар МАН-ын гишүүд АН-ынхан хүч түрэмгийлж байгаа гэж тайлбарласан?

-Өнөөдөр ардчилсан намыг шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж ард түмэн саналаа өгсөн. Ажлаа хийж Монголд шударга ёс тогтооё гээд явахаар энэ хүмүүс дандаа саад болж байсан. Одоо ч гэсэн ялагдчихаад саад болж байна.

-Таны эсэргүүцлийн "патент"-ийг хэрэглэж байна. Юу бодогдох юм?

-Зарим хүмүүс буруу ойлгоод байна. Би Улсын их хурлын чуулганыг ерөөсөө тасалдуулж байгаагүй. Би суудал дээрээсээ бичиг өргөөд л сууж байсан. Тэрнээс биш би хуралдааны хаалгыг таглаж сууж байгаагүй.

-Та энэ удаагийн сонгуульд АН-аас сонгогдож чадаагүй. Тийм болохоор саяны суултын үеэр шоу хийсэн гэх яриа байна?

-Би нэгдүгээрт, биеэ авч явж чаддаг хүн. Би биеэ засаад, гэрээ засаад, төрөө засчихсан хүн. Тиймээс би албан тушаалд суусан ч ялгаагүй, суугаагүй ч ялгаагүй. Харин хийвэл ард түмнийхээ төлөө юм хийхэд бэлэн. Тэрнээс биш би ажил горьдсондоо, ажилгүйдээ ингээд яваад байгаа хэрэг биш шүү дээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top