Хоригдлуудын заяамал эрхийг эдлүүлэхээр шинэ журам боловсруулаад байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Хуул зүйн яамнаас “Эрх зүйн шинэтгэлийн цогц бодлого” хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бодлогын хүрээнд Хууль зүйн яаманд ажлын хэсэг байгуулагдан олон жил яригдсан, судалгаагаар батлагдсан хорих байгууллагын журам, дүрэмд өөрчлөлт оруулж, холбогдох албаныханд танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өөрчлөлтөөр хорих ангийн дотоод журам 75, дамжин өнгөрүүлэх харуул хамгаалалтын дэглэм 1, баривчлах, цагдан хорих байрны дотоод журам 58, баривчлах байрны дотоод журам, дүрэм 4, ялаас чөлөөлөх журам 1, нийт 109 заалтад өөрчлөлт оруулах санал боловсруулжээ. Манай улсад 25 хорих анги, мөн тооны цагдан хорих байр ажилладаг байна. Үүнд 7000 гаруй хоригдол, мөн тооны сэжигтэн яллагдагч байдаг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд өсөөд байсан хоригдлуудын тоо буурч байгаа гэсэн үзүүлэлт гараад байгаа дэвшилт ажиглагдаж эхлээд байгаа юм байна. Хэлэлцүүлгийн зорилго нь шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийн байгууллага, прокурор, олон улсын болон хорих байгууллагын зүгээс уг шинэчилж, өөрчилсөн дүрэм, журамд холбогдох санаа нэмэх, санал бодлыг сонсож тусгахад оршжээ. Сэжигтэн яллагдагч, хоригдлуудын эрх нь хязгаарлагдаж байгаа боловч хүнийхээ хувьд заяамал эрхээ эдлэх эрхтэй байдаг. Энэ эрхийг нь эдлүүлэх зорилготой хууль зүйн яамнаас мөрдөгдөж байгаа журам стандартад нь өөрчлөлт оруулах, шинэчлэж байгаа саналаа холбогдох чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, албан тушаалтнуудын дунд нээлттэй хэлэлцүүллээ.

Өөрчлөлтөөр зарим давхар утга санааг хасах, хоорондоо зөрчилдсөн утга санааг засаж, шаардлагатай заалтуудыг нэмэх санал оруулсан байна. Ингэснээр хүндээ хүрсэн, албан хаагч нарынхаа эрх ашгийг хамгаалсан, хариуцлагын тогтолцоог бодитойгоор нэг бүрчлэн оноож болохоор журам болсон гэж үзээд буй. Хоригдол, сэжигтэн, яллагдагчдад хууль зүйн мэдлэг тэр бүр байгаад байдаггүй. Иймд цагдан хоригдож байгаа байранд өмгөөлөгч нэвтрэх, уулзахад ШШГЕГ-ын хорих байгууллага хариуцсан дэд дарга дээр очиж цохолт хийлгэдэг байснаас гадна цагдан хорих байр болгонд журам өөр өөр байсныг шинэ журмаар нэг болгожээ. Мөн шийтгэх тогтоол хуулийн өмнө хүчин төгөлдөр болоогүй, шүүхээс гарсан шийдвэрт гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх хугацаа нь дуусаагүй, хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргаж дуусаагүй, давж заалдах шатны магадлал гарангуут хорих анги руу явуулдаг байна. Энэ нь хүний эрхийн том зөрчил бөгөөд цагдан хорих байрны  ачааллаас шалтгаалдаг байсан хэмээн тайлбарлаж байв. Харин одоо шинэ цагдан хорих байр нэмэгдсэн тул энэ байдал давтагдахгүй гэлээ. Түүнчлэн, хорих байгууллагын ажилчдын хүндрэл бэрхшээлийг арилгах, тэдэнд хариуцлага тооцох механизм нь тодорхой болсон ажээ. Хэлэлцүүлгийн үеэр ялтны эдлэх хэрэглэх зүйл, эргэлт уулзалтад хамаарах хамтран амьдрагчтай холбоотой журамд анхаарахыг сануулаад байв. Мөн цаашид хорих байгууллагын дүрэм журмаас гадна “стандарт” чухал байгааг онцолсон. Стандарт дутмаг байгаагаас хууль хэрэгжихгүй, ажиллаж байгаа хүнд хүндрэл учирдаг гэсэн юм.

Эцсийн байдлаар шинэчилсэн дүрэм, журмыг  Хууль зүйн сайд батлах юм. Цаашид зөвхөн хорих байгууллага болоод цагдан хориход мөрдөгдөж байгаа журам стандартыг шинэчлэхээс гадна иргэний хэргийн гүйцэтгэлд мөрдөгдөж байгаа журмуудад шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байгаа гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top