АТГ орчин цагийн До яам болчих вий дээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

Монгол улс авлигын индексээрээ дэлхийд 120-д жагсаж байна. “Манай оронд авлига, хээл хахууль газар авлаа. Тиймээс соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг шударгаар авч нийтэд зарлаж байх чиглэлийн байгууллага хэрэгтэй” гэсний үндсэн дээр анх 2007 онд Авлигатай тэмцэх газрыг  байгуулж байсан билээ. АТГ улс төрийн  өнгө аясгүй, ямар ч эрх мэдэлтэн албан тушаалтны захиалгаар ажилладаггүй, зөвхөн хуулийн дагуу ажилладаг байгууллага байх ёстой. Гэвч АТГ-ыг улстөрөөс ангид байлгаж чадаж байна уу гэдэг бас л маргаантай. Уг нь УИХ-ын чуулганаар АТГ-ын даргаар Н.Ганболд томилогдсон. Гэвч өнөөдөр түүний эрх мэдэл АТГ-т тун даржин. Дэд дарга Б.Хурц бүхий л асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий прокурортой л шийддэг байх гэж ярих хүн олон байх юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц хэмээх нөхрийг албан ажлаар Их Британид хөл тавихад нь “хэдэн улсын хил дамжуулан хууль бусаар хүн хулгайлсан” гэх шалтгаанаар баривчилсан. Үүнээс хойш Б.Хурц хэн бэ гэж хэвлэл мэдээллээр шуугисаар байгаад олны танил болсон билээ. Юутай ч Герман Улсаас Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авчирсан. Удалгүй Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор АТГ-ын дэд дарга болов. Монголын бүү хэл дэлхийн хэмжээнд хууль зөрчсөн гэж гадны шоронд жил гаруй хоригдож байсан энэ нөхөр АТГ-ын удирдлагад очингуутаа тус байгууллагын албан хаагчдыг ажлаас нь халж эхэлсэн юм. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харж байхад энэ байгууллагыг ямар зорилгоор ашиглаж байгаа нь анхаарал татах болов. Товчхондоо шүүх, прокурорын эрх мэдлийг гартаа авсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч одоо АТГ-ыг атгаж байна.

Тэр ч бүү хэл Б.Хурц “Танайхаас таван хүнд эрүү үүсгээд, дахиад тавыг нь шоронд хатаасан байхад сонгуульд ялахыг чинь харъя л даа” хэмээн Монгол ардын намын зарим нөхдөд агсам тавьсан гэлцэх нь ч бий. АТГ-ыг “Улс төрийн зорилготой шинэ үеийн хэлмэгдүүлэх ажлыг хийж байна гэж ойлгож байна” гэж МАН-ын томоохон албан тушаалтан нэгэн ярилцлагандаа дурьдаж байв.  

Тэртээ 1930-аад онд До яамны ногоон малгайтнууд харанхуй шөнөөр л баривчилгаа явуулдаг байсан юм гэнэ лээ. Түүн шиг АТГ-ынхан өнгөрсөн хавар АМХЭГ-ын дарга Д.Батхуягийг шөнө дөлөөр баривчлан Төв аймгийн хорих руу ачиж, Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэрийг гурван жилийн ялаар шийтгэх шүүх хуралд материалаа ирүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхийг Төв аймгийн хорих руу аччихаад байхад  бүгд чимээгүй. Яагаад АТГ-ынхан шөнө орой болохоор баривчилгаа явуулж байна вэ? гэсэн айдас хүйдэс дагуулсан яриа хаа сайгүй тархаж АТГ-ыг орчин цагийн До яам болчих вий дээ гэцгээж байв.

“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг УИХ-ын 2012 оны сонгуульд Дорноговь аймат  нэр дэвшихээр МАН-ын бага хурлаас батламжаа авсан өглөө нь АТГ-аас баривчилсан билээ. УИХ-ын 2012 оны сонгууль дууссанаас хоёр хоногийн дараа сулласан. Тэгэхдээ "Уучлаарай, бид баривчлах ёсгүй хүнээ эндүүрч хорьжээ" гэхээс наахнуур тайлбар хийгээд сулласан удаатай. Энэ тухай ТЕГ-ын албан хаагчид "Магадгүй түүнтэй холбоотой худал мэдээллийг манайд зориуд өгсөн ч байж болно. Хэрэв тэгсэн бол худал мэдүүлэг өгсөн нөхөрт Монгол Улсын хууль ямар байдгийг ном ёсоор нь мэдрүүлнэ" гэсэн утгаар тайлбарласан нь төд удалгүй сонин хэвлэл, цахим хуудсуудаар цацагдсан юм. Товчхондоо аймгуудын Засаг дарга нараас өгсүүлээд АН-аас бусад намынхныг мөрдөн шалгахад АТГ гол анхаарлаа хандуулдаг болжээ. Авлигын хэргээр 4 жилийн ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр дуулиант баривчилгааныхаа дараахан шоронгоос өөрийг нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц нарын захиалгаар  хорьсон гэсэн утга бүхий алдарт захиагаа илгээж байв.

Монгол улсад авлигын хэрэг АН-ынхны гадуур өнгөрөөд байна гэвэл бас л сонин. Ядаж л АТГ Ардчилсан намын Засаг дарга нарын гэм булхайг харсан ч хараагүй мэт өнгөрөөхгүй байсан.

Ардчилсан нам  Монголын улс төрд намуудын сонгуулийн өрсөлдөөнийг хэлмэгдүүлэлтээр хийдэг жишиг тогтоож   байх шиг.

АН орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ удаагийн сонгууль угтаж, дүүргийн болон аймгийн Засаг дарга нарыг шалгах хэрэгтэй гэхийн сацуу Монгол Ардын Намын хаягтай дүүргийн Засаг дарга нарыг шалгаж эхэлснээ бахдалтайгаар зарлав. АН-ын бодлогыг шүүх, прокурор, ерөөсөө хуулийн байгууллагууд тодорхойлдог ийм жишиг тогтлоо. Үүнээс хойш сонгууль дөхөхөөр л мөрөөрөө алба залгуулж байгаа хүмүүсийг шалгадаг, барьж хорьдог, халуун бүлийг салгадаг ийм зүй тогтлыг арилгах цаг болжээ.

Г.Энхтуяа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.213.131) 2013 оны 04 сарын 02

hulgaich nariin zahilgat niitlel l bna shde Cana zoboh ch ymgui iim ym bichij l bdg

0  |  0
Top