Өнөөдрийн УИХ-ыгн чуулган эхлэх ёстой цагаасаа нэг цагаар хоцорч эхлэв. Өнөөдрийн чуулганд 70 гишүүн оролцох ёстойгоос 36 гишүүн ирснээр ирц бүрдсэн юм. Хуралдааны эхэнд “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” хэлэлцэв. Уг тогтоолын төслийг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 1.843.4 сая төгрөгийн зардлыг Хууль зүйн сайдын төсвийн багцад тусгаагүй тул дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзсэн. Улмаар 1,843,4 сая төгрөгийн зардлыг 2 тэрбум 283,4 сая төгрөг болгох, "Сонгуулийн нэмэлт зардлын тухай” гэсэн тогтоолын төслийн нэрийг “Сонгуулийн зарим зардлыг санхүүжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл болгон өөрчлөх саналуудад санал хураасан нь дэмжигдэв.
Үүний дараа “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Улмаар гишүүдийн олонхийн санал авсан тул хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүллээ.
Яг одоо чуулганаар хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )