Өчигдөр Хятадын коммунист намын 18 дугаар их хурал Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэллээ. Долоо хоногийн турш үргэлжлэх 82 сая гаруй гишүүнтэй уг намын энэ удаагийн хуралд 2270 төлөөлөгч оролцож байна. Таван жил тутам болдог энэ хурлаар коммунист намын удирдлагууд болох БНХАУ-ын дарга Ху Жинтао, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга У Бангуо, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын залгамжлагчдыг сонгох юм. Хятадын тав дахь үеийн удирдагчдын бүрэлдэхүүнд Ху Жинтаогийн суудалд залрах гол хүнээр Си Жинпинийг нэрлээд байгаа бол Төрийн зөвлөлийн даргаар Ли Кэцяныг сонгогдох магадлалтай гэж үзэж байгаа аж. БНХАУ-ын дарга, Ху Жинтао ХКН-ын 18 дугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хятад улс 100 жилийн ойгоороо буюу 2049 он гэхэд баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншил бүхий, төгс төгөлдөр шинэчлэгдсэн социалист улс болно. Шинэ тав дахь үеийн удирдлага хээл хахууль, авлигатай зоримогоор тэмцэж, бүх талаар баян нийгмийг байгуулж, хүн амын дундаж давхрагыг тэлж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ шинэчлэн өөрчлөлтийг түргэсгэнэ” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Хятад улсын эмзэг сэдэв болсон Түвдүүдийн зүгээс энэ өдрүүдэд чадах ядахаараа эсэргүүцэж байгаа аж. Түвдэд эрх чөлөө олгох, Далай ламд нутагтаа эргэн ирэх боломж олгох шаардлага тавьж Их Хурлын нээлтийн өмнөх өдрүүдэд Сычуань, Цинхай, Төвдөд нэг санваартан, өсвөр насны гурван ламхай, нэг эмэгтэй өөрийгөө шатаажээ. Энэ үеэр 3000 орчим төвд хүн гудамжинд гарч Хятадын эрх баригчдын эсрэг жагссан байна.
Нөхцөл байдал таатай бус байгаа тул намын их хурлын үеэр Тяньаньмэний талбай, Ардын их хурлын ордны орчмыг онцгой бүс хэмээн зарлаж Бээжин хотыг бүхэлдээ цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтанд авсан байна. Хурлын үйл ажиллагааг Азийн зарим оронд шууд дамжуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын 1700 гаруй сэтгүүлчид ажиллаж байгаа ажээ.
Хятад Монгол хоёр орны хувьд 1949 оны 10-р сарын 16-ны єдєр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1951 онд худалдааны харилцаа байгуулсан байна. 1989 онд хоёр орны Засгийн газар эдийн засаг, худалдаа болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулсан бөгөөд өдгөө найман удаагийн хуралдаан хийгээд байгаа юм.
ХКН-ын их хурлын өмнөхөн Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах үеэрээ “Хятадын коммунист намын удирдагчид 60 сая эгэл жирийн хүнийг хоморголон устгасан алуурчин нам. Хүн төрөлхтнийг хоморголон устгадаг терроризмыг үндэслэсэн Лениний хөшөөг буулгаж байгаад үнэхээр их баяртай байна” гэж хэлсэн нь Монгол Улсад суугаа Хятадын элчингийнхний дургүйцлийг төрүүлээд зогсохгүй элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээн тодотгож Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаардсан билээ. Хотын даргын дээрх үг Монгол Улсын төр засгийн байр суурийг ямар нэг хэмжээгээр агуулж байна гэж үзэж байгаа тул Хятадын коммунист намын зүгээс Засгийн газрын хэмжээнд уучлал гуйхыг шаардсан юм. Энэ бүх нөхцөл байдлаас шалтгаалж урд хөрш хилээ хааж магадгүй гэсэн яриа тархах болов. Юутай ч ХКН-ын их хурлын дараа Монгол Хятадын цаашдын харилцаа улам тодорхой болох биз ээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )