Далай лам: Хариулт нь лавтай үгүй хэмээн гарна гэдэгт би итгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

Манай улс өнгөрөгч оны 1 дүгээр сард Олон улсын Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд албан ёсоор нэгдэн орсноор цаазын  ялаас бүрэн ангижрах магадлал өндөртэй орнуудын нэг болоод байгаа. Түүнчлэн Цаазын ялыг халах хуулийн төсөл боловсруулж байгаа гэдгийг ч Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр  хэлж байсан. Мөн тэрээр “Цаазаар авах ялтныг уучиллаа гээд тэр хүнийг зүгээр сул тавьчихаж байгаа хэрэг огт биш юм. Харин уг ялын оронд тухайн хэрэгтнийг 30 жилийн хугацаагаар “гянданд” хорих ялаар шийтгэдэг. Энэ нь эцсийн дүндээ эрдэнэт хүний амийг егүүтгэхээс Монголын төр сэрэмжилж, Монгол Улсын гадаад, дотоод дахь нэр хүнд үлэмж өсөх таатай нөхцөл байдал бий болох юм. Нөгөө талаар ялын энэ төрөл нь тухайн ялтанд гэм буруугаа ойлгох, ял зэмээ мэдрэх, шаналах маш хатуу хуулийн хариуцлага хүлээлгэж буй хэрэг юм. Өмнөх шүүхийн практик болон статистикаас үзэхэд 30 жил гянданд хорих ялыг давж гарсан хүн байдаггүй юм билээ” гэж байгаа юм.

Тэгэхээр манай улстөрийн эрхмүүд энэ янзаараа хандаад байвал цаазаар авах ялыг бүрэн халах чиглэл ажил хэрэг болохоор байна. Гэхдээ нөгөө талд цаазаар авах ялыг халах тухайд эсрэг байр суурьтай хандах талууд ч бий. Тухайлбал, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэргүүн Д.Алтанцэцэг “-Миний хувьд үнэхээр аймшигтай, онц хэрцгий хэрэг хийсэн хумүүст тохирсон ял өгөх ёстой. Дээрээс нь Монгол Улс цаазын ялыг халахад арай эрт байна. Манай улс одоогийнхоосоо арай илүү хөгжиж, хүмүүсийн ухамсар дээшлэн, амьдралын нөхцөл сайжрах ёстой. Тэр үед л цаазын ялын тухай зайлшгүй ярих хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Харин Amnesty International Japan-аас хийсэн “Цаазаар авах ялыг олон улсын хэмжээнд 2011 онд оноосон, гүйцэтгэсэн байдал” илтгэлээс харахад 2011 онд 63 орны 1923 хүнд цаазаар авах ял оноосноос 20 орны 676 хүний ялыг гүйцэтгэсэн, цаазлагдах ялаар шийтгүүлсэн хүний тоо эдүгээ дэлхийн хэмжээнд 18,750-д хүрээд байгааг тэмдэглээд G 8-ийн орнуудаас АНУ, G 20-ийн орнуудаас БНХАУ, Саудын Араб, АНУ, Европын орнуудаас Беларусь, АСЕАН-ын орнуудаас Малайз, Вьетнам алах ялыг гүйцэтгэснийг өгүүлж байгаа юм.

Ийм ялыг олноор оноож гүйцэтгэдэг орнуудын дотор БНХАУ, БНАСАУ, Иран тэргүүлдэг бол БНХАУ мэдээллээ өгдөггүй, Араб, Африкийн орнуудад өсч буйг илтгэлд дурдаж байна. Гэхдээ цаазаар авах ялыг халах хөдөлгөөн олон улсын хэмжээнд жилээс жилд хүчээ авч дэлхийн 193 орны 90 хувь нь буюу 175 орон уг ялаас татгалзжээ. Amnesty International Japan-ы гүйцэтгэх захирал Х.Вакабаяшигийн хэлж буйгаар цаазаар авах ялыг халахыг олон нийт таашаадаггүй ч хүний амьдрах эрхийг хүндэтгэх хүнлэг, ардчилсан зарчим гэдгийг ойлгож дэмжих хандлага нэмэгдэж байгаа болон энэ үйл явцад улс төрчдийн хүсэл зориг чухал үүрэгтэй аж.

Мөн тус байгууллагын зүгээс “…Цаазаар авах ялыг хэвээр хадгалан хэрэглэж байгаа засгийн газрууд ихэнхдээ хэрэглэж байгаагаа ил тодоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ ялыг хэрцгий балмад гэдгийг нь тэгтлээ үгүйсгэддэггүй. Цаазаар авах ялыг зөвтгөж байгаа тэр үндэслэгээ нь бусад нууц хүчирхийллийг зөвтгөдөг тийм л үндэслэгээнүүд байдаг. Цаазаар авах ял байх шаардлагатай хэмээн үзэж байгаа хамгийн түгээмэл зөвтгөл нь цаазлах бол зайлшгүй юм, бид үүнийг түр хэрэглэх ёстой байж магадгүй ч гэсэн хамгийн аймшигтай нь зөвхөн цаазлах ял зарим нэг нийгмийн тодорхой хэрэгцээг хангаж чадна гэж мэтгэдэг. Тэр нь ямар нэг хэрэгцээ байсан ч гэсэн үхлийн харгис ялыг зөвтгөхүйц тийм чухал гэж үү.

Цаазаар авах ялыг хэрэглэхийг шаардаж байгаа тодорхой хэрэгцээ цаг хугацаанаас болон нийгмээс нийгэмд ялгаатай байдаг. Зарим оронд уг ялыг хүн амины гэмт хэргийг яллах буюу түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хуульчилдаг бол зарим газарт хар тамхины наймаа, садар самуун, улс төрийн аллага, эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсооход хэрэгтэй хэмээн үздэг. Түүнчлэн эрх баригчдаас улс төрийн заналхийллийг устгахын тул хэрэглэдэг аж.

Улс төрийн санал зөрөлдөөнийг нухчин дарахын тулд цаазаар авах ялыг хэрэглэх нь жигшүүртэй хэрэг бөгөөд нийгмийг гэмт хэргээс хамгаалах арга зам болгох нь ч бүтэшгүй юм. Хаа ч хэрэглэсэн цаазаар авах ял нь хамарч байгаа хүмүүстээ харгислалыг төрүүлж, өөрийгөө хамгаалах чадваргүй хоригдлыг цаазлах нь ямар нэг байдлаар зөвшөөрч болмоор гэдэг мэдрэмжийг олон нийтэд төрүүлдэг. Энэ нь магадгүй улс орны эрх баригчдын эрх мэдлээ хадгалахад ашиглагддаг. Цаазын ял нь айдсын бэлэгдэл бөгөөд сул талын нүглээ наманчилж байгаа хэрэг мөн. Энэ нь хэзээд хүний үндсэн эрхийг зөрчиж байдаг. .

Аль нэг улс ямар нэг шалтгаанаар цаазаар авах ялыг нэг удаад хэрэглэвэл бусад орнуудад уг ялыг аль ч шалтгаанаар хэрэглэхэд хялбар болгох юм. Хэрэв цаазаар авах ялыг нэг хэрэгт хэрэглэхийг зөвтгөвөл энэ нь нийгмийн зонхилох үзэл санаатай нийцэх буюу эсвэл өөр бусад хэрэгт хэрэглэгдэх боломжтой мэт санагдах болно.

Шалтгаан, зорилго нь ямар байлаа ч Засгийн газар үхлийн хэрцгий ялыг зөвтгөх нь хүний эрхийн жинхэнэ ойлголттой зөрчилдөнө. Боломжтой болон боломжгүй гэсэн зүйлс нь зарим нэг “илүү чухал зүйл” нэрийн дор тусдаа тавигдах үед бүх эрхүүд, халдашгүй дархан байдал үгүйсгэгдэн, хүн бүр заналхийлэлд өртөх болно.Үндсэн эрхийг хөсөрдүүлж байгаа цаазаар авах ял нийгмийн чухал хэрэгцээ шаардлагад нийцнэ гэдэг нь буруу юм. Цаазаар авах ялыг халсаар байгаа нь энэ ял нийгмийн жинхэнэ хэрэгцээ шаардлагатай нийцэх онцгой хүчийг үзүүлэхгүй байна гэсэн үг.

Гэмт хэрэг, ялангуяа хүн амины гэмт хэргээс сэргийлэх зорилгоор цаазлагдсан хүмүүсийг тоолж баршгүй. Эмнести Интернэшнл цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүүтэйгээр бусдыг хамгаалах онцгой чадалтайг итгэн үнэмшүүлэх нотолгоог өнөөг хүртэл олоогүй байна.

Аль ч нийгэм болоод түүний иргэн бүрт цаазаар авах ялыг хуулийн ял шийтгэл болгож хэрэглэхийг зөвшөөрсөн улс оронд амьдрах уу, эсвэл хүний эрх, амьд явах эрхийг хүндэтгэн сахихад үндэслэсэн цаазын ялгүй ертөнцөд амьдрах уу гэдгээ шийдэх сонголт бий…” хэмээн мэдэгдэж байгаа юм.

Тэгвэл Далай лам нэгэнтээ “…Цаазаар авах ял нь урьдчилан сэргийлэх зорилготой гэх боловч өс хонзонгийн тодорхой нэг хэлбэр юм. Энэ нь ял шийтгэлийн онцгой чанга хэлбэр бөгөөд учир нь энэ нь эцсийнх байдаг. Хүний амьдрал төгсгөл болсноор цаазлуулсан хүн нь цагаатгагдан амьд үлдэх, нөхөн сэргээгдэх боломжуудаас хагацах юм. Цаазын ялыг дэмжихээсээ өмнө бид гэмт хэрэгтнүүд нь төрөлхийн аюултай муу хүн юмуу, эсвэл цаашид хэрэг үйлдэх үедээ гаргаж байсан ухаан санаатайгаа мөнхөд байсаар байх уу, үгүй юу гэдгийг анхаарч үзэх ёстой. Хариулт нь лавтай үгүй хэмээн гарна гэдэгт би итгэлтэй байна. Тэдний үйлдсэн хэрэг нь хэдий аймшигтай жигшмээр ч хүн бүр алдаагаа засах, засрах боломжтой гэдэгт би итгэж байна. Тиймээс ч би цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдэх, нийгэмд хор уршиг учрахаас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үздэг өөдрөг үзэлтэн юм.” хэмээн өгүүлсэн байдаг...

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.21.105.245) 2025 оны 03 сарын 13

Uhuulne gedeg bol amraana gesen ug shuudee!

1  |  0
Top