Лондон хотноо Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакРей итгэл дүүрэн үгс хэлж байхтай зэрэгцэн манай засгийн нөхдүүд хэд хэдэн шийдвэр гаргасан билээ. Камерон МакРей эрхэм “...Монгол улсыг олон улсын хөрөнгө оруулалтын газрын зураг дээр байлгахын тулд Оюу Толгой төслийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхийг бизнес эрхлэгчид хүсэж байна. Энэ нь өөрийн эрх ашгийг бодсон мэт харагдаж болох ч Оюу Толгой төслийн санхүүжилт Монгол улс томоохон төслүүдэд санхүүжилт авах үйл ажиллагааг илүү хялбар болгох банк санхүүгийн цогц харилцааг бэхжүүлнэ гэдгийг бусад бизнес эрхлэгчид мэдэж байгаа хэрэг. Монгол улсын эдийн засаг, бизнесийн ирээдүйн амжилтын үндэс бол амжилттай хэрэгжиж байгаа Оюу Толгой гэдэг нь тодорхой юм.” хэмээн хэлсэн. Энэ нь он гарсаар хэлэлцээрийн ширээний хоёр талаас учраа олох гэж зөвлөлдөж байгаа талуудын нэг гэхээсээ илүүтэй, харьцангуй давуу талаа тодоор мэдэрсэн талын анхааруулга дагуулсан байр суурь байсан гэхэд болно.
Тэгвэл түүнийг ийм үгс унагаж байхтай зэрэгцэн Улаанбаатарт Засгийн газрын гишүүд зөвлөлдөн Оюу толгой компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргасан. Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюу толгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн корридор зэрэг тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг салбарын сайдад үүрэг болгосон.
Оюу толгой ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна шинээр баригдах шаардлагатай 6 барилга байгууламжуудад газар эзэмших зөвшөөрөл олгох шаардлагатай байгаа аж. Үүний дагуу баяжмал ялгах, гаалийн хяналтын талбай (33.9 га) болон далд уурхайн 4-р босоо амны (12.72 га) газрын зөвшөөрлийг Ханбогд сумын дэд бүтцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах нөхцөлтэйгээр олгохоор урьдчилсан байдлаар тохиролцсон гэж байгаа.
Мөн ЗТЯ, "Оюу толгой" ХХК, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн төлөөлөл баяжмалын экспортын тээвэрлэлтийн талаар хэлэлцээд 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл одоогийн сайжруулсан хайрган зам дээр дан чиргүүлтэйгээр тээвэрлэлт хийхийг ЗТЯ урьдчилсан байдлаар зөвшөөрсөн гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хэсэгт Энержи Ресурсын хатуу хучилттай замыг ашиглахаар болжээ. Түүнчлэн Таван толгойн цахилгаан станцаас Оюу толгойн эрчим хүчний эх үүсвэр хангах, Оюу толгой" ХХК-ийг Таван толгойд баригдах цахилгаан станцын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлаар зөвлөлдөж байгаа гэсэн.
Тэгэхээр төслийг урагшлуулахын тулд боломжуудыг ашиглахаар шулуудсан шийдвэрүүд эндээс харагдаж байна. Тэр дундаа Таван толгойд баригдах цахилгаан станцад Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто-гийн дэмийг давхар авна гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Стратегийн тодотголт томоохон төслүүдээс үр ашгийг нь хүртэхийн тулд бүхий л дэд бүтцүүдийг шийдэх нь зайлшгүй. Гэхдээ Тавантолгой, Оюутолгойн аль алийг нь хөдөлгөгч гол хүчин зүйл болох эрчим хүчний дэд бүтцэд нэг толгойг нь “эзэмшигч” талыг оруулж ирэх дээрээ тулахад түшээд бас бодолтой хандах ёстой болов уу.
Оюутолгойн но-г ярихад нөгөө талд Тавантолгой зогсдог байж болохгүй л болов уу. Тэр талаас нь анхаарч үзэх шаардлага бий биз.
За ямартай ч одоо харагдах байдал дээрээ бол талууд харилцан нягтарч ажиллахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд болсон хуралдаануудаар Монголын талын хувь нийлүүлэгчийн зүгээс ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх Оюутолгой ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын түвшинд Монголын талын оролцоог хангах, Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Төслийн санхүүжилт (Project Finance), Монголын банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх зэрэг 13 асуудлыг хөндөж тавьсан. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр баруунд их, дээд сургууль төгссөн, Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна. Хоёр тал Оюутолгой төслийн, тухайлбал барилга бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, урьдын адил бүрэн дэмжиж ажиллахаар нэгдсэн саналд хүрсэн. Цаашлаад хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар болж хуралдааныг түр завсарлуулсан гэх мэдээллийг албаны нөхдүүдийн зүгээс бидэнд өгч байсан юм. Гэтэл одоо бол нөхцөл байдал өөр бөгөөд Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт, Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, Менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг анхаарал татсан асуудлуудын талаар хүчтэй байр сууриа илэрхийлээд байсан манай нөхдүүдийн дуу суларчихаад байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 2 )
үндэсний компаниа эдийн засгийн алуучинд өгөх л..
ee chaawaas bsn bil yun ted hariin ugeer buh ymaa oorchlood suuj bhw de ee chaawaas shig hoogood l gargahgui yu