“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн: Рагу ”Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчийг л харууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

1990-ээд оны залуусын шүтээн болсон “Сүнс” хамтлагийнхан Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиас эхлээд “Цаг нь болоогүй хайр” дуугаараа “Пентатоник“ төдийгүй бүр “Алтан микрофон” наадмынМартагдсан аялгуу гэдэг шагналыг хүртэл авч байв. Өдгөө тус хамтлагийнхан өөр өөрийн амьдралын замыг хөөсөн ч урлагтаа үнэнч хэвээр буй. Энэ удаа бид тус хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн тэргүүнээр ажилладаг бөгөөд энэ төв нь урлан бүтээлчдийн эрх ашгийг хамгаалдаг юм.


-“Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд уран бүтээлчдийн эрхийг хамгаалах асуудал нэлээд цэгцэрсэн байх. Та хэзээнээс энэ албыг авсан билээ?

-Анх 2003 онд “Сонор” студийн дэргэд Э.Бат-Үүл баатарын гэргий Б.Дэлгэртуяа эгчийн санаачлагаар байгуулагдсан. “Уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах тал дээр үг дуугарах хамтын удирдлагын байгууллага байхгүй учраас ийм төвийг байгуулах нь зөв” гэсэн хүсэл зориг нэгдсэн учраас хамтын удирдлагын байгууллагыг уран бүтээлчдийн нэгдлээс байгуулсан. Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Сонор”-ын Н.Халиун нар болон урлагийн сор болсон хүмүүс анх удирдах зөвлөлд нь байсан хэдий ч 2006 он хүртэл үйл ажиллагаа нь эхэлж амжаагүй байдаг юм. Яагаад гэвэл 1994 онд батлагдсан зохиогчийн эрхийн хууль 2006 онд шинэчлэгдэн найруулагдаж гарсан. Энэ нь интернэт орчин дахь зохиогчийн эрхийн зохицуулалт гэдэг байдлаар шинэчлэгдэж гарсан нь нилээд гайгүй хууль болсон доо. Энэ хууль гарсны дараа удирдах зөвлөлд өөрчлөлт орж, гишүүд нь солигдосны дотор би байсан. Үүнээс хойш удирдах зөвлөлийн гишүүнээр  хэдэн жил ажиллаж байгаад 2008 оноос эхлэн тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн. Хамтын удирдлагын байгууллага гэдэг нь төрийн бус байгууллага. ТББ бол төрийн байгууллагын хоточ нохой нь юм шиг хэрнээ нөгөө талаасаа бол хянаж, ташуурыг нь өгч байх ёстой байгууллага байдаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлголоо. Манай байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Хамтлаг дуучид, студи, продакшнууд, бичлэг үйлдвэрлэдэг болон эрхийг нь эзэмшдэг газрууд гээд нийтдээ 260 гаруй уран бүтээлчийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

-Гишүүдийнх нь эрх ашиг хэр сайн хамгаалагдаж байна. Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах явцад хичнээн төгрөгийн орлого хийгдэж, гишүүдэд хэрхэн хуваарилагдаж байна вэ?

-Хуваарилалтын тухайд дуу хөгжмийг ашиглаж байгаа байгууллагуудаас тодорхой хэмжээний хураамж авч гишүүддээ тараадаг. 2012 онд л гэхэд хамтын удирдлагын байгууллага 200-гаад сая төгрөгийг гишүүддээ хуваарилсан байна. Манай гишүүдийн дуу, хөгжмийг ашиглаж байгаа байгууллагуудаас үүргээ хамгийн сайн биелүүлдэг нь үүрэн холбооны компаниуд, бизнесийн байгууллага, сайтууд, телевизүүд байна. Нэг үеэ бодвол ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, аль нэг бизнесийн байгууллага зааландаа дуу тавихад тодорхой хэмжээний төлбөр төлөх, эсвэл зөвшөөрлийг нь авах хэрэгтэй юм байна гэдэг ойлголттой болсон. Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид хамгийн гол нь мөнгө гээд байгаадаа биш. Жишээлбэл, youtube  дууг үнэгүй тавиад үнэгүй сонсгож байгаа. Гэтэл үнэгүй аваад үнэ хэлж зардаг байгууллага байна. Энэ нь караоке, зарим сайтын компаниуд. Эд  нараас төлбөр авах нь дэлхий нийтийн жишиг юм. Гэтэл хүмүүс “Та нар маш их мөнгө ярих юм. Юу яриад байгаа юм” хэмээн ойлгодоггүй.  Уран бүтээлч хүний тодорхой хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгөө зараад хийсэн уран бүтээлийг ашиглаж хөрөнгө мөнгө олж байгаа юм бол тодорхой хэмжээний хувь шимтгэл төлөх ёстой. Манай төв хичээж ажилласны үр дүнд үүн дээр тодорхой хэмжээний дэвшил гарсан.

-Уран бүтээлийг маш хямд зах зээл дээр нийлүүлж, зохиогчийн эрхийг зөрчдөг асуудал Нарантуул худалдааны төвийн наймаачдад их байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэв?

-Хар зах дээр хуурамч CD зараад 10 гаруй жил амьдарчихсан хүнийг ажлын байргүй болгоё гэхээсээ илүүтэй хамтарч ажиллая гэж байгаа. Өөрөөр хэлбэл “Тодорхой хэмжээгээр хямдхан зах зээл дээрээ зар. Үүний хариуд төлбөр тооцоогоо хийгээд  хамтлаг дуучдаа хохиролгүй болгоод ажиллаач ээ” гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

-Эрсдэлтэй биш үү?

-Бид нэг хэсэг зах дээр цомогоо заруулахгүй гэж хааж үзсэн. “Үнэтэй цомогоо заръя. Хямдханыг нь заруулахгүй байя” гэж. Гэхдээ энэ нь өөрөө  бодитой зах зээл болчихсон. Эрэлт байгаа  газар үйлдвэрлэл үүсдэг. Тэрэнтэй яг адилхан хар зах дээр эрэлт их байсан. Тэгэхээр нь “Хором цэг ком” гэдэг тамга болон бусад ФМ-үүдийн тамгатай дуунуудыг болиулаад өөрсдөө чанартай бичлэгээр хангая. Харин та хэд цагаан ултай CD ч гэдэг юм уу, одооныхоо зарж байгаа CD-ний чанарыг нь сайжруулаад 1500-гаар зардаг байсан бол 2500-гаар зар. Тэндээсээ 500 төгрөгөө шимтгэл болгож төлөөч гэдэг зүйлийг ярьж эхнээсээ хүмүүстэй  гэрээ хийж хамтран ажиллаж байна.

-Манай урд хөршид оюуны өмч, зохиогчийн эрх хамгийн ихээр зөрчигддөг. Хамтлаг дуучдын дууны “Хулгай”-н асуудлыг хэрхэн зохицуулж байна. Эрхээ хамгаалах гарц хэр нээлттэй байдаг бол?

-Дэлхийн оюуны өмчийн  байгууллагынхан монголын оюуны өмчийн газартай хамтраад семинар хийсэн. Тэр семинарт хятадын оюуны өмчийн байгууллагынхан ирсэн юм. Тэгэхэд тэд “Хамтын удирдлагын байгууллага байдаг ч гэсэн манайх чинь коммунист улс. Тийм болохоор телевиз, медиагаар оюуны өмч зөрчигсөн гэсэн мэдээллийг гаргаад байх юм бол өндөр төлбөр нэхэмжилж авах боломжтой. 2 дугаарт, манайх зах зээл томтой. Хойт нутагт байж байгаад  урд нутаг руугаа гарахад л Хонгконгийн хэмжээний од болдог”  гэж байсан. Тэгэхээр бид хэзээ  ч оройтохгүй юм байна. Эхлээд дотроо төвхнөж аваад дараа нь гадагшаа явах хэрэгтэй болж байгаа юм. Ер нь Хятадын талтай ойлголцсон гэж болно. Мөн саяхан БНХАУ-ын дарга Син Зинь Пин “Зохиогчийн эрхийг ойрын хугацаанд арилгана” гэдгийг бодлогодоо дурьдаад дэлхийн худалдааны байгууллагаар батлуулсан гэж сонссон. Тэгэхээр сайханаар ярихад хэдэн жилийн дараа бид оюуны өмчийн зөрчлийн асуудлыг хятадад байхгүй болгох нь гэж итгэж болохоор байгаа юм. Нөгөө талаас бид тэр том зах зээлтэй орон руу дуугаа гаргаад байгаа нь од болох гарцтай болж байна гэсэн үг.

-Манай урлагийг урагшлаагүй ухарсан байна гэх шүүмжлэл байдаг. Энэ хэр бодитой зүйл вэ. Саяхан Рагу манай уран бүтээлчдийг их хатуухан шүүжилсэн байсан?

-Би 2012 онд олон улсын семинарт явлаа. Тэр үеэр их харамсалтай зүйл олж сонссон.  2005 онд Японы “Jasrac” гэдэг хамтын удирдлагын байгууллага монголд судалгаа хийж үзсэн юм билээ. Гэтэл судалгааны үр дүнд нь манайхыг 25 жилээр хоцорсон байна гэж гарсан байдаг.

Манайд гадныханыг шүтэгсдийн бүлэг бий болсон байна. Сая өөрсдөө хашраа байлгүй дээ. Дагуулж ирсэн хүн нь өөрсдийг нь юу гэж хэлэв. Рагугийн яриаг би үзсэн л дээ. Тэр чинь Монгол хүн биш шүү дээ. “Нохой сүүлээ, сүүл нь хонхорцогоо” гэдэг шиг л юм болсон байсан. Миний мэдэж байгаагаар Рагуг Д.Болд гэдэг хүн анх монголд авчирч байсан. Гэтэл Д.Болдыгоо хүртэл зохиолын дуучнаар нь дуудсан байсан. Тэр хүн хэнээс цалин авч, хэний ажилтан байж  байгаад хэнийг юу гэж ярив гэдэг асуудал байна. Үнэхээр л тийм шударга, эр хүн шиг байсан юм бол цалингий нь аваад “Universe best songs”-ийг хөтөлж байхдаа Л.Балхжавын өөдөөс харж байгаад хэлэхгүй яасан юм. Гэтэл дуугүй байж байгаад явах болохоороо төлбөртэй ч юм шиг сонин ярилцлага өгөөд явсан. Ер нь хатуухан хэлэхэд “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг үг л бодит амьдрал дээр бий боллоо. Өөрсдөө гадны хүнийг авчирч хөөргөж, хөөрөгдөж “Од” болгочихоод одоо араас нь шогширч суух нь тэнэг хэрэг. Нэг талаас ийм. Харин нөгөө талаасаа Рагугийн үгэнд эмзэглэх хэрэггүй. Манай урлагийнханд ташуур хэрэгтэй. Урлаг судлаач шүүмжлэгч нар хэрэгтэй байна. Үнэнийг хатуухан бөгөөд шударгаар хэлдэг хүн байхгүй учраас өнөөдөр дуу хулгайлсан хулгайлаагүй нь мэдэгдэхгүй баахан шагнал авдаг болчихож. Аль 2000 оноос хойш ийм дүйвээн явсан. Араас нь гарч ирсэн шинэ залуучууд нь “Агаа, эгч нар хулгайн дуу дуулчихдаг юм чинь бид нар бол юу ч биш юм байна “ гээд л дуулдаг. Ийм муухай жишиг рок попыг, ялангуяа хөгжмийн урлагийг их муухайгаар доош нь татаж байгаа. Шинэ үеийн урлаг гэдэг чинь залуучуудыг байлдан дагуулж, залуу чиглэл рүүгээ явж байдаг. Шинэ шинэлэг уур амьсгалыг авчирч байдаг гэдэг утгаараа дандаа тэргүүнд явах ёстой. Гэхдээ рок хийж байна гээд анх үүссэн Английнх нь уран бүтээлийг хуулна гэдэг бол гутамшиг. R&B дуулна гээд энэ чиглэлээр уран бүтээл хийдэг хүмүүсийн бүтээлийг хуулна гэдэг эмгэнэл. Хэрэв манай хамтын удирдлагын байгууллага олон улсын гишүүн болох юм бол манайх их хэмжээний өрөнд орж торгууль төлөх болно. Киноны өмнө хүртэл гардаг шүү дээ. “FBI буюу холбооны мөрдөх товчооноос 250 мянган ам.доллараар торгоно. Эсвэл холбооны мөрдөх товчооны шоронд орно” гэж байдаг. АНУ-ын Аскаб гээд хөгжмийн зохиолчдын холбоо ийм их хэмжээний  мөнгө нэхэмжилдэг байхад Монголд тэд нарын дууг зөрчсөн гэх юм бол энэ хэмжээний мөнгө нэхэмжлэх нь гарцаагүй. Тэгэхээр бид өнөөдөр олон улсын гишүүн болоогүйдээ баярлах хэрэгтэй. Хэрэв гишүүн болчихсон бол ямар их өрөнд орох байсан юм билээ бүү мэд шүү дээ. Дуу хулгайлдаг асуудал хэцүү хэмжээнд байна. Үүнийгээ больчих хэрэгтэй. Дуу болон клип хулгайлдаг хүмүүс  шинэ уран бүэтэл хийж чадахгүй байгаа юм бол 2-3 жилдээ  уран бүтээлдээ pause авчих хэрэгтэй. Найрын дугараа шиг жилдээ заавал 10 дуу хийх ёстой гээд хулгайн бүтээлээр нэрээ баасдаж, чадан ядан 1 CD гаргаж байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Ер нь барууны болон азийн том одууд 3 жил завсарлаж байгаад нэг CD хийдэг. Селин Дион гэхэд л 10 жилд 2 цомог гаргасан байдаг. Заавал тэг гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ Мадонна хэзээ жил болгон цомог гаргаад дуу, клип хулгайлаад байсан юм.

-Дууны үг, хөгжмийн албан ёсны эрхтэйгээр хуулбарлаж болдог уу?

-Албан ёсны copyright хийж болно шүү дээ. Олон улсын ийм жишиг байдаг.  Хулгайлсан тохиолдолд зохиогчийн маш олон эрх зөрчигддөг. Наад зах нь нэрээ дурьдуудах эрх нь байхгүй болж байгаа юм.

-Рагугийн хэлж байгаагаар ер нь манай рок поп урлагт гайгүй боловсон хүчин байхгүй юм шиг, тэд суралцах ёстой юм шиг хоёр талтай зүйлийг хэлсэн байсан?  

-Тэр бол тэр хүний л бодол. Манайд яг мэргэжлийн сургуулийг нь төгсөөд мэргэжлийн хэмжээнд хийж байгаа залуучууд байна. Бичлэгийг бол хүн болгон хийчихнэ. Mix master нь хэцүү. Магадгүй үүн дээр Рагу өөрийгөө өөд нь татаж ярих гэж байгаа байж магадгүй. Хэцүү дээ, заавал тоог нь цээжилсэн хүмүүс хийдэггүй. Дор хаяж 15-аас дээш жил хөгжмийн ертөнцөд ажилласан, нэг дууг 200 удаа сонссон ч уйддаггүй, гол ньюансуудыг нь олж сонсож чаддаг, мэргэжлийн өндөр ур чадвартай сонсголтой хүн тэр инженерийг хийдэг. Тийм хүн байгаа. Томоо байна. “Ертөнц” цомог нь муу дуугардаггүй шүү дээ. н.Гантөр ах байна. Миний бичлэг ч муу сонсогддоггүй. Гэхдээ үүнээс илүү сайжрах ёстой юу гэвэл сайжрах ёстой, хүнээ сургах ёстой юу гэвэл сургах ёстой.

-Тэр харийн “Од” манайханыг үгүйсгэж “Би” гэдэг зүйлийг их гаргаж ирсэн дээ?

-Энэ хүн “Би”-гээр өвчилсөн хүн үү, аль эсвэл урлагийнхан маань эвдчихэв үү гэдгийг бодох л хэрэгтэй. Би нэг хоёр удаа тааралдаж байсан болохоор хувь хүнийх нь тухайд мэдэхгүй байна. Надтай тааралдахдаа монгол охидуудтай тааралдахад нь үнэхээр дургүйцэж байсан. Яагаад тэр Монгол охидууд солиод байдаг юм. Би их үндэсэрхэг үзэлтэй хүн л дээ.

-Та яг тогоон дотор нь буцалж байгаа хүн. Манай рок попийнхан залуусаа тэгж их дардаг хэрэг үү?

-Залуучуудаа дэмждэггүй гэх үгийнх нь тухайд эсрэг байр суурьтай байна. Би анх эхлээд “Max music” продакшн байгуулсныхаа дараа дандаа л залуучуудтай ажиллаж байсан. Boomtown, Nara, Гурван охин гээд залуусынхаа гараас нь хөтлөөд л аваачиж байсан. Над шиг олон уран бүтээлчийг “Няд” хийлгэж болохгүй байх л даа. Залуу дуучдыг дэмждэггүй гэх асуудлын тухайд ийм байна. Харин залуучууд нь жаахан хариуцлагагүй байна уу даа гэмээр байна. Мэдээж урлагийн хүнд давилуун байдаг. Гэхдээ шүүмжлэл хэрэгтэй. Харин одоо баахан реалити нэврүүлэг явж байна. Тэгээд баахан одууд төрүүлдэг. Тэднийг гаргаж ирлээ. Цаашид яах юм бэ. Монголд авъяастай залуучууд байгаад байна. Гэтэл тэднээр хэсэг бүлэг хүмүүс реклам сурталчилгаа, шоу хийж мөнгө олоод байгаа юм. Тэднийгбие даалгах гэхээсээ илүүтэй өөрийнхөө тоглолтонд оруулж мөнгө хийгээд, эсвэл нэг кинонд  хямд үнэээр сэгсийтэл нь тоглуулж түүнийгээ үе тэнгийхэнд нь үзүүлж мөнгө олохоос өөр зүйлгүй байгаад байгааг бид харж л байна шүү дээ. Тэгээд нөгөөдүүл нь шагналыг өвчин тусчихсан. Ер нь манайд сүүлийн үед шагналын өвчин их тусдаг болж. Гавъяат авахгүй бол үхэх гээд байгаа юм шиг, СТА болохгүй бол үхэх гээд байгаа юм шиг туйлширдаг болчихлоо. Нэрийг нь ч мэдэхгүй байхад шагнал авчихсан хүмүүс байна.

-Рок попын залуусаас хамгийн том шагналыг нь Д.Болд авлаа. Төрийн соёрхол хүртсэнийг нь магтах нь ч бий, матах нь ч бий. Гэхдээ хүмүүс их дургүйцдэг. Таны тухайд...?

-Ний нуугүй хэлэхэд манай урлагийнхан бүгд л дургүй шүү дээ. Харин нүүрэн дээр нь хэлдэг юм уу үгүй юм уу бүү мэд. Би ч дургүй. Гэхдээ миний үеийн насны хүн, миний найз авсанд нь баярладаг. Шударгаар хэлчихье.

-Монгол попыг үнэхээр Д.Болд зохиочихсон гэж та боддог уу. Үүн дээр урлагийнхан болон иргэд хоёр хуваагддаг шүү дээ?

-Монгол поп гэдэг чинь маниас өмнө байсан юм. УГЗ Д.Ухнаа гуай “Манай рок поп урлаг 50-иад жилийн өмнө үүссэн шүү” гэж хэлээд байгаа. Тэгэхэд л монгол поп байсан. “Цэнхэр залаа”-г монгол поп гэдэггүй юм уу. Түүнд яалт ч үгүй монгол аялгуу, пентатоник аялгууг үндэсний хөгжимтэй хийчихсэн байгааг би Монгол поп гэж ойлгодог. Магадгүй Болд өөрөө Монгол поп гэдэг нэрийг дээр болгосноороо өндөр хариуцлагыг өөр дээрээ авсан байж магадгүй гэж би боддог.

 

Ж.Нарангарав anu_naran@yahoo.com

Top