АНУ Японд байгаа өөрийн цэргээ Солонгосын хойг руу шилжүүлэхэд бэлэн байна гэсэн мэдэгдлийг БНАСАУ-ын зүгээс ихээхэн эсэргүүцэж дургүйцлээ илэрхийллээ.
БНАСАУ-ын төв хэвлэл даваа гарагт “АНУ-ын ийм мэдэгдэл нь тэд Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх гэж байгаагаа ил тод зарласан хэрэг” гэж мэдээлсэн байна. Хэвлэл бас Вашингтоныг БНАСАУ-ыг устгахаар бүрэн шийджээ гэж бичжээ.
АНУ нь Азийн орнууд, ялангуяа Солонгосын хойгт цохилт өгөхдөө Японыг “цөмийн тэргүүн эгнээний бааз” болгон ашиглаж байна гээд үүнд нь Японы зэвсэгт хүчин багагүй үүрэг гүйцэтгэж бууны бай болж байгаа гэсэн байна. Хэрэв АНУ түрэмгийлэл эхлэвэл БНАСАУ-ын зэвсэгт хүчин Японд байгаа АНУ-ын цэргийн бүх баазыг устгана гээд Вашингтон ийм довтолгооны төлөвлөгөөгөө хэдийнээ гаргачихсан гэдэгт итгэлтэй байгаагаа бичжээ.
Мөн Японы аралд түгшүүртэй байдал эхлэх юм бол эхний ээлжийн цохилтод Япон өртөх болно гэж тэмдэглэжээ. АНУ-ын Төрийн департаментын тараасан мэдэгдэлд нэгдсэн улс Японд байгаа цэргээ Өмнөд Солонгост шилжүүлэн байруулж магадгүй, үүний тулд Сөүл, Токиотой алинтай нь ч зөвшилцөх шаардлагагүй гэсэн байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )