Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хоккайдо арал дээр байрладаг Нэмуро хотын даргатай уулзах үеэр Курилын цуврал арлуудын өмнөд хэсгийн харьяаллын талаар "Олон жилийн турш Оростой хийж байгаа газар нутгийн маргааныг нэг мөр болгоно, дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан энхийн хэлэлцээр байгуулна" гэж мэдэгджээ.
Абэ газар нутгийн маргааныг ямар ч тохиодолд шийдэх шаардлагатай, ингэж шийдэх нь Ерөнхий сайдын хувьд түүний заавал гүйцэтгэх ёстой үүрэг гэжээ. Абэ Путин хоёр янз бүрийн асуудлаар нийт долоон ч удаа уулзалдсан зан зангаа сайн мэддэг гэж болно хэмээн барууныхан бичсэн байна.
Энэ оны тавдугаар сард Путин хэлэхдээ Курилын арлуудын асуудлыг шийдэх чин сонирхол байгаа ч шийдвэр нь хоёр улсын ашиг сонирхлыг хэрхэвч хохироож болохгүй гэсэн юм. Иймд шийдвэр нь аль улсад нь хожигдсон гэсэн сэтгэгдэл төрүүлэхээргүй даган зөвшөөрөрч болох зөвшилцөл байх ёстой гэдгийг хэлсэн байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаар Япон нь ЗХУ-тай энхийн гэрээ байгуулаагүй, газар нутгийн харьяалалтай холбоотой маргааныг шийдээгүй. Үүгээр шалтаг хийн Курилын цуврал арлуудын тоонд ордог Итуруп, Кунашир, Шикотаан арлууд болон Хабомаи олтригийг өөрийн газар нутгийн хэсэг гэж мэдэгдэж байгаа юм. Ингэх үндэслэл нь 1855 онд Хаант Орос, Эзэн хаант Японы хооронд байгуулсан арилжаа ба хилийнг зааглах хоёр талын гэрээ болж байгаа юм. Энэ гэрээ ёсоор эдгээр арлуудыг Японы мэдэлд шилжүүлсэн байдаг. Гэрээг 1855 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан тул Япон 1981 оноос эхлэн "Умард нутгийн өдөр" гэдгийг тэмдэглэн Оросоос Итуруп, Кунашир, Шикотаан арлууд болон Хабомаи эргүүлэн өгөхийг шаардсан жагсаал, цуглаан гэх мэт олон арга хэмжээг явуулдаг аж.
Харин Оросын хувьд эдгээр арлууд нь дэлхийн хоёрдугаар дайны дууссаны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, улмаар ЗХУ задарсны дараа ОХУ-ын мэдэлд шилжсэн, Японы мэдэлд орох ямар ч эрх зүйн үндэслэлгүй гэж мэдэгддэг юм.
Сэтгэгдэл ( 0 )