Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайланд энэ сарын 5-ны өдрөс буюу маргаашнаас Украйнд гал зогсоож, зургааны өдрөөс хүнд техникүүдийг гаргаж эхэлнэ гэж талууд тохиролцсон талаар цахим хуудастаа мэдээлжээ. Тодруулбал, Украйны цэргийнхэн болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ төлөөлөгчид ийнхүү тохиролцсон байна. Ажиглагчдын мэдээлснээр, Хяналт, зохицуулалтын хамтарсан төвийн ажлын хүрээнд зөвшилцсөний үндсэн дээр талууд ийм шийдвэр гаргажээ.
Хоёрдугаар сард болсон төрийн эргэлтэд дургүйцсэн Украйны зүүн нутгийн оршин суугчдын эсрэг Киевийн эрх баригчид дөрөвдүгээр сараас эхлэн хүчний ажиллагаа явуулж байгаа юм. НҮБ-аас хамгийн сүүлд мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 4300 энгийн иргэн амиа алдаж, 10 мянга орчим хүн шархаджээ. Талууд Беларусийн нийслэл Минск хотод есдүгээр сарын 5-наас түр эвлэрэхийг Орос болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зуучлалтайгаар зөвшөөрсөн билээ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )