Буутай этгээдүүд төв Нигерийн шорон руу дайрч 200 гаруй хоригдлыг оргуулжээ. Энэ бол өнгөрсөн сараас хойшхи хоригдлуудыг оргуулсан гурав дахь том дайралт гэдгийг тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Нийслэл Абужа хотоос баруун хойд зүгт 250 км-т байрлах Тунгад өчигдөр энэ үйл явдал болсон байна. Буутай этгээдүүд хамгаалалтын алба руу гэнэт гал нээж, шоронгийн ханыг бөмбөг дэлбэлэн нурааснаар 200 гаруй хоригдол оргосон бөгөөд ердөө арвыг нь буцаан баривчилжээ.Өнгөрсөн сард л гэхэд тус улсад ийм төрлийн хоёр халдлага болсон бөгөөд Экити хотын шоронгоос 300, Коги хотын шоронгоос 144 хоригдол оргосон аж.
Эдгээр халдлагуудыг Боко Харам террорист бүлэглэлийнхэн хийсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Учир нь тус бүлэглэлийн олон гэмт хэрэгтэн халдлага болсон шоронгуудад хоригдож байжээ. Харин ажиглагчид хамгаалагчид авлига авсны улмаас халдлага дотроосоо гарсан гэж үзэж байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )