Грекийн парламентын гишүүн Сирийн цагаачдын өлсгөлөнд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

Грекийн парламентын гишүүн Сирийн цагаачдын өлсгөлөнгийн жагсаалд нэгджээ. Сирийн цагаачид тэдэнд туслахаас татгалзаж, Европын бусад орнууд эсвэл эх нутаг руугаа буцахыг зөвлөсөн Афины парламентыг эсэргүүцэн гадаа нь өлсгөлөн зарлан жагсаж байгаа юм.

Грекийн “Syriza” намын дэд дарга Яаннис Мичелогианнакис ч мөн цагаачдын дунд яваа юм. Тэрээр хоёр хүн амиа алдсаны дараа өлсгөлөнд нэгдэхээр шийдсэн байна. Тусламж хүссэн цагаачдын нэг нь зүрхний шигдээсээр, нөгөө нь Албанийн хилийг давах гэж байгаад амиа алджээ.

Одоогоор 300 гаруй Сирийн цагаач өнгөрсөн сарын 19-ний өдрөөс хойш Афины Засгийн газрын ордны гадаа жагсаж байгаа бөгөөд Европын бусад орон руу нэвтрэхэд дамжих гүүр болж туслахыг хүсч байгаа аж. Өнгөрсөн долоо хоногоос эдгээр хүмүүсийн зарим нь өлсгөлөн зарласан юм. Цагаачид Грект бүртгүүлэхээс татгалзаж байгаа юм. Учир нь Европын холбооны хуулиар цагаачлан нэвтэрсэн анхны улс нь Грек тул тэд Грект байх эрхтэй аж.

2011 онд Сирийн иргэний дайн дэгдсэнээс хойш нийтдээ 45600 гаруй Сирийн цагаач Грект ирсэн бөгөөд эдний тал хувь нь энэ онд ирсэн гэжээ.  Харин Грекээр хичнээн хүн дамжиж гарсан нь тогтоогдоогүй байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top