Хөгшин эрдэмтний Нобелийн шагналыг буцааж өгөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

 Оросын хамгийн баян хүн АНУ-ын эрдэмтэн Жэймс Уатсоны Нобелийн шагналыг дуудлага худалдаагаар авсан тухайгаа мэдэгдлээ. Мөн тэрээр Уатсоны шагналыг буцааж өгөхөөр болсон байна.

Гангийн үйлдвэр болон телекомийн салбарын тэргүүн баян Алишер Усманов Нобелийн энх тайвны шагналыг дуудлага худалдаанаас 4.8 сая ам.доллараар худалдан авсан байна. Гэсэн хэдий ч тэрээр медаль эзэндээ байх ёстой бөгөөд эрдэмтэн үүнийг зарах болсондоо харамсаж байсан тул буцааж өгөхөөр шийдсэн гэжээ.

86 настай Жэймс Уатсон Нобелийн шагналыг ДНХ-ийн бүтцийг тодорхойлсныхоо төлөө 1962 онд хүртсэн юм. Гэвч тэрээр хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө хар арьст хүмүүс цагаан арьст хүмүүсээс сэтгэх чадвар муу хэмээн хэлснийхээ төлөө шагналаа зарахад хүрсэн юм. Энэ үеэс хойш байгууллага, хүмүүс Уатсоныг арьс өнгөөр ялгаварлагч хэмээн үзэж гадуурхах болсон тул тэрээр рацист биш гэдгээ батлахаар Нобелийн шагналаа худалдаж, мөнгийг нь олон нийтэд хандивлахаар шийдсэн билээ.

“Дэлхийн нэртэй эрдэмтэн түүний хийсэн амжилтыг батлах медалиа зарахад хүргэсэн нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм. Тэрээр дэлхийн түүхэн дэхь хамгийн гайхалтай биологийн нээлтийг хийсэн бөгөөд ДНХ-ийн бүтцийн нээлт түүнд л хадгалагдах ёстой” хэмээн Усманов ярьжээ.

“Форбс” сэтгүүл “Арсенал” хөлбөмбөгийн клубын хувьцаа эзэмшигч Усмановыг 2013 онд нийт 15.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн зарласан юм.

 

Б.Ариунцэцэг


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ann(107.216.208.221) 2014 оны 12 сарын 10

ogoomor bayan hun bna daa

0  |  0
Top