В.Путин: Барууны хоригууд зөвхөн бидэнд сүйрэл авчрахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ИТАР-ТАСС” агентлагт улс орныхоо эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр барууныхны эдийн засгийн хоригийн улмаас ганцхан Оросын эдийн засаг сүйрэлд хүрэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Сэтгүүлч түүнээс “Рублийн ханш 30 хувиар унасан нь эдийн засаг сүйрч буйн тэмдэг биш гэж үү” хэмээн асуухад В.Путин “Манай үндэсний валют рублийн ханш унаж байна. Оросын төсвийн хувьд энэ юу болж таарах вэ? Бид чинь төсвөө ам.доллараар боддоггүй юм шүү дээ. Тэгээд ч бид өмнө нь нэг долларын үнэтэй байсан барааг зараад оронд нь 32 рубль авдаг байсан. Харин өнөөдөр нэг долларын үнэтэй барааг зараад 45 рубль авч байна. Төсвийн орлого буураагүй харин өссөн. Хилийн чанадаас валют худалдан  авдаг компани, үйлдвэрлэлийн салбаруудын байдал муудаж байгаатай холбоотой тодорхой хязгаарлах арга хэмжээ, коридор гэж байдаг. Үнэн. Харин төсвийн хувьд бол тийм биш, бид нийгмийн асуудлаа итгэлтэйгээр шийдэж байна. Батлан хамгаалах үйлдвэрлэлийн зорилтууд ч үүнд хамаарна.

Импортыг орлуулах өөрийн гэсэн бааз Орост бий. Бурханы авралаар өмнөх үеүүдээс бидэнд багагүй зүйл үлдэж хоцорсон. Тэгээд ч сүүлийн 15 жилийн хугацаанд үйлдвэрлэлээ шинэчлэхийн тулд бид олон зүйл хийсэн. Энэ байдал бидэнд хохирол учруулж байна уу? Зарим талаар. Гэхдээ сүйрүүлэх хэмжээнийх биш. Эрчим хүч тээгчдийн үнийг санаатайгаар унагаж байгаа бол энэ байдал нь хязгаарлалтыг оруулсан хүмүүст ч цохилт өгч байгаа.

Орчин үеийн хямрал харилцан хамааралтай. Хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналт, үндэсний валютын ханшны уналт нь зөвхөн бидний хувьд сөрөг эсвэл бүр сүйрлийн үр дагаварт хүргэнэ гэдэг чинь тогтоочихсон тодорхой зүйл огт биш. Тийм зүйл болохгүй” хэмээн хариулжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top