Хонконгийн 200 жагсагчийг баривчилж, талбайг нь цэвэрлэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Хонгконгийн эрх баригчид сонгуулийн шинэчлэл шаардсан олон зуун иргэн хоёр сарын турш тэмцсэн эсэргүүцлийн баазыг цэвэрлэж эхэллээ. Өчигдөр цагдаа нар тэмцэлдээ үнэнч хоцорсон олон идэвхитэн жагсагчдыг баривчилсны дараа цэвэрлэгээг эхэлжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр өчигдөр хууль бусаар цуглаан хийсэн болон цагдаагийн биед халдсан 209 хүнийг баривчилсан гэжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд медиа могул Жимма Лай, поп дуучин Денис Хо, ардчиллыг дэмжигч Мартин Ли, нэрт хуульч Алберт Хо нар байсан байна.

Тэдгээр жагсагчид баривчлах үеэр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй бөгөөд цаашид шударга сонгуулийн төлөөх жинхэнэ тэмцлийг үргэжлүүлнэ хэмээн амласан байна.

Гинжин хөрөө, төмөр таслагчаар зэвсэглэсэн олон зуун цагдаагийн ажилтан жагсагчдын баазын уриа лоозон, бүтээлгүүдийг урж, төмөр саравчнуудыг буулгаж эхэллээ хэмээн барууныхан дүрсэлжээ.

Оюутнуудаар удирдуулсан жагсачид өнгөрсөн 9-р сарын 28-аас хойш сонгуулийн үйл ажиллагаанд Бээжин хязгаарлалт хийхийг эсэргүүцэн гурван дүүрэгт жагсаал хийсэн юм. Хэдий тийм ч Хонконгийн албаныхан болон Хятадын Коммунист намын удирдлагууд уг үйл явдлалд хариу өгөхгүй байснаар жагсаалийн дуулиан сүүлийн долоо хоногуудад бүдгэрэхэд хүрсэн билээ.

Олон зуун жагсагч цагдаагийн газрын баривчилна гэсэн сүрдүүлгийн дор баазаа хаяж явсан ч оюутан, ардчиллыг дэмжигч хуульчид болон ахмад настнууд багтсан дэмжигчид үлдэж хоцроод байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top