Японы шинэ хууль тэмцлийн дунд хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Шинзо Абэгийн Засгийн газрын баталсан Японы Төрийн нууцын тухай хууль асар их эсэргүүцэлтэй тулгарч байна. Уг хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа олон зуун иргэд Токио хотын гудамжинд жагсаж, бөмбөр нүдэж эхэлсэн байна. Хуулийг татан буулгахыг шаардсан 800 гаруй иргэн мөн уриа лоозон өргөн явжээ.

Эсэргүүцэгчид энэхүү хууль нь төрийн албан тушаалтнуудад хийсэн гэмт хэргээ нуун дарагдуулах болон хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах боломж олгож байна хэмээн үзжээ. Харин Ерөнхий сайд Шинзо Абэ жилийн өмнө батлагдсан энэхүү хуулийг АНУ-ын тэргүүлсэн холбоотнуудаас тагнуулын мэдээлэл солилцоход тун хэрэгтэй алхам болно хэмээн мэдэгдсэн байна.

Хуулинд төрийн нууцыг задруулсан төрийн албан хаагчид 10 хүртэлх жилийн ял, сэтгүүлчид тав хүртэлх жилийн ял оноохыг заасан аж.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага Японы хуулийг “хэвлэлийн эрх чөлөөг урьд хожид байгаагүйгээр боогдуулах гэсэн заналхийлэл” хэмээн буруутгасан байна. Мөн Японы Сонин эрхлэн гаргагч болон Редакторуудын холбоо уг хуулийг дахин харж үзэхийг хүссэн өргөх бичгээ өнгөрсөн даваа гарагт Хууль зүйн яаманд өргөн барьсан байжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top