Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурлаар ганц цогцолбор текст л баталжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын ХХ дугаар бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын Х дугаар бага хурал Перу улсын нийслэл Лима хотод үргэлжилж байна.

Арав хоногийн өмнө эхэлсэн энэхүү чуулганд дэлхийн 200 орчим орны төрийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтад хариуцлага хүлээх болон Парис хотноо болох хэлэлцээрийн баримт бичгийн төслийг гаргахыг зорьж байгаа юм.

Гэтэл талууд хурал эхэлснээс хойш 11 хоногт ердөө ганцхан цогцолбор текст дээр санал нийлж байгааг олон улсын хэвлэлүүд шүүмжилж байна. Баасан гарагт буюу маргааш дуусах хэлэлцээр АНУ болон БНХАУ-ын сөргөлдөөнт байр суурьнаас болж ийнхүү удааширахад хүрчээ.

Хурлыг даргалагч Лима хэлэлцээ дуусах баасан гарагийн орой эсвэл бямба гаргийн өглөө гэхэд зөвшилцөлд хүрч ямар нэгэн баримт бичиг батласан байх ёстой. Гэтэл өчигдөр өглөө санал нийлж баталгаажуулах ёстой зургаан хуудас баримтын бараг өгүүлбэр бүрийг онцгойлон авч хэлэлцэн өдрийг баржээ. Эдгээр баримт бичгээс ердөө 34 дэх цогцолбор буюу “2020 он гэхэд талууд хамтран ажиллах хэлэлцээгээ эрчимжүүлнэ” гэсэн хэсэг л батлагдсан байна.

Төлөөлөгчид баян, ядуу орнууд уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн хариуцлага хүлээх тал дээр ихээхэн санал зөрөлджээ. Тэд бүх улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээ авахыг шаардах уу эсвэл зөвхөн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудаас шаардах уу гэдэг дээр маргалджээ. АНУ болон Европийн орнууд бүх улсаас хариуцлага шаардах ёстой гэсэн бол Хятад, Энэтхэг болон бусад улсууд үүнийг эсэргүүцжээ.

Санал хувааж, цаг идсэн өөр нэгэн асуудал нь ирэх оны гуравдугаар сард Парист болох чуулганаар улс орнууд 2020 оноос хойш хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөгөө зарлах эсэх байжээ. Хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудыг энэ үйл ажиллагаанд туслах ёстой хэмээн үзэж байгаа бол АНУ болон Европийн орнууд холын хугацаанд ингэж төлөвлөх нь бүтэшгүй хэрэг хэмээн маргалдсан байна.

Эдийн засгийн асуудал дагалдах уур амьсгалын өөрчлөлтийн хурлаар зөвшилцөлд хүрэхэд хэцүү байгааг зохион байгуулагч тал мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч ядаж баян орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд буурай орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх “Ногоон хөгжлийн сан”-д 10 тэрбум ам.доллар амласан хэмээн мэдэгджээ.

Төлөөлөгчид агаарын температурын өсөлтийг 2 градусаар хязгаарлах зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралтыг тогтвортой бууруулах, дасан зохицох арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй технологийн асуудлыг зайлшгүй анхаарах шаардлага байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top