Японд парламентын сонгууль явагдаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

Японд өнөөдөр /XII.14/ парламентын урьдчилсан сонгууль явагдаж байна. Японы Ерөнхий сайд өнгөрсөн арваннэгдүгээр сард парламентын доод танхимаа тарааснаар урьдчилсан сонгууль явуулах болсон юм. Японы парламентын сонгуулийн кампанит ажил арванхоёрдугаар сарын 2-нд эхэлж, санал хураалт өнөөдөр /XII.14/  явагдаж байна. Японы парламентын доод танхимын 475 суудлын төлөө 1191 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ сонгуулиар Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам олонхийн суудал авч чадахгүй бол огцрох юм. Гэхдээ сүүлд явуулсан судалгаагаар сонгуульд Шинзо Абегийн нэр хүнд унасан хэвээр байгаа ч нам нь олонхийн суудлаа хамгаалах магадлал ажиглагджээ.

 Шинзо Абэ өнгөрсөн сард парламентаа тараахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй худалдааны татварыг нэмэх тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулсан билээ. Японы парламент  ирэх 2015 оны аравдугаар сард худалдааны татварыг дахин нэмж, 10 хувь болгох  хуулийн төслийг хэлэлцэж байсан аж. Японы өмнөх Засгийн газрын үед худалдааны татварыг нэмэгдүүлснээр хөгжиж буй орнууд дундаа хамгийн өндөр болсон аж. Японы худалдааны татвар өнгөрсөн дөрөвдүгээр сард 5-8 хувь болж нэмэгджээ.

 Шинзо Абе “Абеномик” гэж нэрлэгдсэн  эдийн засгийг сэргээх бодлогыг танилцуулж байсан ч өдгөө Японы эдийн засгийн өсөлт саараад буй юм. Түүчнлэн Шинзо Абэгийн нэр хүнд 2012 оныг бодвол 50 хувь унаж, ард олны итгэл суларсан ба энэ нь түүнийг улиран сонгогдох шансгүй болсныг илтгэжээ. Шинзо Абэ 2011 оны цунамигаас үүдсэн Фукушимагийн ослын дараа хаагдсан АЦС-уудыг дахин ажиллуулах шийдвэр гаргасан нь Японы ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан юм. Шинзо Абэ өндөр үнээр эрчим хүч импортлохын оронд АЦС-уудаа дахин ажиллуулахаар төлөвлөсөн аж. Фукушимагийн ослоос өмнө Япон улс эрчим хүчний хэрэгцээний 30 хувийг АЦС-аас хангаж байжээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top