Пакистаны Пешавер хотноо талибын зэвсэгт дайчид цэргийн сургуулийн хүүхэд багш нарыг барьцаалсныг Засгийн газрын цэргүүд чөлөөлөх үеэр 140 гаруй хүүхэд, насанд хүрэгч амиа алдлаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. Яг хэдэн хүн амь алдсаныг хэн ч тодорхой хэлэхгүй байна. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф сургууль руу террористууд халдсаныг үндэсний эмгэнэл гэж нэрлэлээ.
Өглөөгүүр сурагчид шалгалт өгч байхад цэргийн хувцас өмссөн “Талибан” хөдөлгөөний зэвсэгт 9 дайчин нэвтэрч эзлэн авсан юм байна. Тэд сургууль руу автобусаар дөхөж очин хашаа давж орцгоожээ. “Бид цайны газарт байж байтал зургаан хүн хана даган явж байхыг хараад мэдээж хүүхдүүд л тоглож байна гэж бодсон. Гэтэл тэд зэвсэгтэй байхыг харлаа. Тэгээд л тэд биднийг буудаж эхлэхэд бид ангид орж нуугдсан” гэж Мудассир Аван гэгч ярьжээ.
Хамгаалалтынхан тэдний нэгийг бүсэлж авах үеэр нэг дээрэмчин өөрийгөө дэлбэлсэн байна. Бусад нь ангиас анги руу орон хүүхдүүдийг буудаж эхэлжээ.
Цэргийнхэн шуурхай хөдөлж сургууль руу дайрч хэдэн цагийн турш тулалдсан гэнэ. Энэ үеэр сургууль дотор буудах, дэлбэрэх чимээ гарсаар байжээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд зэвсэгт дайчдаас дөрвөн хүн, барьцааны хүмүүсээс 80 нь амь алдсан гэсэн аймшигт тоо гарчээ. Сургууль доторх бусад хүүхдүүдийг аврахын тулд армийнхан тэнд цугларсан эцэг эхчүүдийг дотогш нэвтрүүлэхгүй арай гэж тогтоож байсан гэнэ.
Амь үрэгдсэн болон шархдаж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
“Бид химийн шалгалт өгөөд химийн лабораторт байж байсан. Цэргийн хээрийн хувцастай хүмүүс орж ирээд шууд л хүүхдүүд рүү гал нээсэн. Тэд бүр хэн нэгэнтэй хамт ирсэн байсан хоёр настай хүүхдийг хүртэл буудсан” гэж оюутан Амир Матин ярьжээ. Ахлах ангийн сурагч Амир Матин юу болоод байгааг хараад нөхөдтэйгөө хамт ангийнхаа хаалгыг бэхэлсэн гэнэ. “Тэд гурвуулаа байсан. Тэд хаалгыг зүгээр л цөм цохиод дотогш орж ирсэн” гэж ярьсан байна.
Зэвсэгт этгээдүүдийн буудсан сумны хонгионоос үзэхэд тэд том калибрын буутай байжээ. Террористууд энэ халдлагад удаан бэлтгэж, Засгийн газар тэдэнтэй ямар ч яриа хэлэлцээр хийхгүй гэдгийг ойлгож байсан бололтой. Зургаан цагийн дараа гэхэд бас гурван террорист өөрийгөө дэлбэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сургуулийн барилга бүхэлдээ эвдэрч сүйдсэн байна. “Хоёр зэвсэгт дайчин амьд үлдэж сургуулийн захирлын өрөөнд армийнхантай буудалцсаар байсан” гэж мужийн ерөнхий сайд Первез Хаттаж ярьжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр хүүхэд насанд хүрсэн 148 хүн амь алдаж, хүнд шархтай 150 орчим хүн эмнэлэгт очоод байгаа юм байна. Зэвсэгт дайчдыг сургуульд дайран орох үеэр 500 орчим сурагч, багш тэнд байжээ.
Зэвсэгт халдлагын үеэр амь алдсан хүүхдүүдийг өнөөдрөөс оршуулж эхлэн, улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
Aimshig! iim tugshuurtei orchind yaj amidarah ve? Huurhii huuhduud uruvdultei!