Жил бүр бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жагсаалтыг Форбс сэтгүүл гаргадаг билээ. Энэ жилийн жагсаалтыг Дани улс тэргүүлж, Хонконг, Шинэ Зеланд улс эхний гуравт багтсан байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн Ирланд улс энэ жил дөрөвдүгээрт бичигджээ. Харин жагсаалтын сүүлийг Гвиней улс гурав дахь жилдээ мушгисан байна.
Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын үзүүлэлт янз бүр гарчээ. АНУ энэ жилийн жагсаалтад өнгөрсөн оныхоос дөрвөн байраар доошилж, 18 дугаарт орсон байна. Өнгөрсөн жилийн жагсаалтад 28 дугаарт бичигдэж байсан Япон улс энэ жил 26 дугаар оржээ. Дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох Герман улс өнгөрсөн жилийнхээс дөрвөн байраар дээшилж 20 дугаарт бичигджээ.
Форбс сэтгүүл уг жагсаалтыг гаргахдаа 146 орны өмч хөрөнгийг хамгаалах эрх, хөрөнгө оруулалт, албан татварын хэмжээ, технологи, авлигын түвшин, иргэдийн хувийн эрх чөлөөний болон эдийн засаг дахь төрийн оролцооны түвшин, хөрөнгө оруулалтын хамгаалалт, мөн хөрөнгийн зах зээлийн байдал гэсэн 11 хүчин зүйлийг харгалзжээ. Эдгээр хүчин зүйлстэй холбоотой мэдээллийг Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, “Freedom House”, “Heritage Foundation”, “Property Rights Alliance”, “Transparency International” байгууллагын судалгааны дүнд үндэслэн цуглуулсан гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )