Нельсон Манделаг газрын залилан хийсэн хэмээн заргалдана гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Манай үеийн хамгийн агуу төр нийгмийн зүтгэлтэн Нельсон Мандела таалал төгсөөд нэг жил өнгөрч байна. Амьсгал хурааснаас хойш нэг жилийн дараа сүнсийг нь бүрэн амирлуулдаг Өмнөд Африкийн Куну омгийн заншил ёсоор хоёр долоо хоногийн өмнө Н.Манделагийн шарилд ариусгах тусгай ёслол хийсэн юм. Үүгээр их удирдагчийн гэр бүлийн жил үргэлжилсэн гашуудал тайлагдаж, түүнтэй зэрэгцэн Н.Манделагийн үлдээсэн өв хөрөнгийг булаацалдсан таагүй маргаан ч олонд ил болж эхэллээ.

Н.Манделагийн хуучин эхнэр Уинни Мандела нөхрийнхөө үлдээсэн гэрээслэлийг үл хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний үлдээсэн 250 акр газар, тэр дундаа Н.Манделаг хөдөөлүүлсэн гэр бүлийн оршуулгын газар хүртэл түүнийх байх ёстой хэмээн мэдэгджээ. Түүнийг Нельсон Манделатай амьдарч байх үед энэ газрыг нөхөр нь бэлэглэж байсан, гэтэл Мандела салсныхаа дараа газар эзэмших эрхийг нууцаар өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байж хэмээн Уинни Мандела шүүхэд гомдол гаргажээ. 

Тэрээр хуучин нөхрөө “газрын залилан хийж”, “хууран мэхэлсэн” гэдэг үндэслэлээр шүүхэд хандаад байгаа аж. Тэрээр хэвлэлийнхэнд ярихдаа хуучин нөхрийнхөө гэрээслэлээс юу ч горьдоогүй боловч түүнээс нууцаар газрыг нь булаан авсанд гомдолтой байгаа гэнэ.

Тэрээр экс нөхрийнхөө өв хөрөнгийн асуудлаар шүүхдэлцэх нь өөрийнх нь хувьд хийхийг хүсэхээргүй муухай хэрэг гэж хэлсэн ч Н.Манделагийн сүүлчийн эхнэр Граса Машел, зарим хуулийн байгууллага, Газрын яам, бүр Ерөнхийлөгч Жэйкоб Зуматай хүртэл заргалдахаар бэлтгэж байна. Түүнийг газрын асуудлаа хөөцөлдөөд явж байх үед Засгийн газрын зарим бичиг баримтыг архиваас үзэх гэтэл саад болсон учир Ерөнхийлөгчид ийнхүү зарга үүсгэхээр болсон аж.

1996 онд Манделагаас салсан тэрээр экс ерөнхийлөгчийн хоёр хүүхдийг төрүүлсэн юм. Тэдний том охин Зенани Мандела нь Аргентинд суух Элчин сайд бол, бага охин Зиндзи Мандела нь саяхан Данид суух Элчингээр томилогдоод ирэх сард Европыг зорих гэж байгаа аж.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ййй(202.72.246.106) 2014 оны 12 сарын 24

Ийм болоол салсан байхдаа

0  |  0
Top