Пүрэв гарагт буутай этгээдүүд Сомалийн нийслэл Могадишу хот дахь Африкийн холбооны цэргийн төв бааз руу дайрчээ. Зэвсэглэсэн этгээдүүдийн дайралтын улмаас цэргүүд шууд гал солилцож эхэлсэн бөгөөд нийтдээ есөн хүн амиа алдлаа гэж Африкийн холбооноос мэдээллээ. Тэдгээрийн гурав нь холбооны албан хаагч, нэг нь энгийн иргэн байсан байна.
Дайрагчдаас тав нь амь үрэгдсэн бөгөөд гурвыг нь цэргүүд олзолжээ. Олзогсдыг байцаасны дүнд халдагч этгээдүүд Аль Шабаб террорист бүлэглэлийн хүмүүс болохыг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Христийн баярыг далимдуулан НҮБ-ын төлөөлөгчдийн газрууд болон элчин сайдын яамдуудад халдахаар төлөвлөсөн аж.
Террористууд баазын гарцуудыг дэлбэлж олон цагийн турш буудалцсаны эцэст халдлага дуусчээ. Африкийн холбооны нийт 22 мянган цэрэг 2007 оноос хойш энхийг сахиулахаар ажиллаж байгаа аж. Тэд Ал Шабаб бүлэглэлийг Могадишугаас хөөн гаргасан ч ойр хавьд халдлага үйлдсээр байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )