Хойд Солонгос уржигдраас хойш тэр чигээрээ интернэтгүй болжээ. Бүхэл бүтэн улсыг дэлхий дахинтай холбох интернэт гарц юунаас ч болсон нь мэдэгдэхгүй тасраад хоёр өдөр болж байна. Уг хэргийг Солонгосын тал “Interview” кинотой холбон үзэж байгаа аж.
“Interview” уг нь “Sony” студийн жилд хэд хэдээр нь гаргадаг ээлжит киноны нэг боловч жирийн нэг уран бүтээл биш гэдэг нь АНУ-Хойд Солонгосын хооронд үүсгээд байгаа маргаанаас нь тод харагдаж байна. Энэ киноноос болоод “Sony” кино компани кибер халдлагад өртөж, хамаг мэдээллээ алдаад зогсохгүй, АНУ Хойд Солонгосын заналхийлэлд өртөж, одоо Хойд Солонгос өөрөө интернэтээ таслуулчихаад сууж байна.
Бараг бүх талаараа дэлхий дахинаас тусгаарлагдмал Хойд Солонгос интернэтийн хувьд ч төдий л их хэрэглээтэй улс биш. Гэсэн хэдий ч Хойд Солонгос даяар интернэтгүй болсонд хамгийн түрүүнд АНУ-ыг зүй ёсоор хардаж байна. Учир нь, АНУ-ын засаг захиргаа “Sony”-г хакердсан кибер халдлагын цаана Хойд Солонгос байгааг Холбооны мөрдөх товчоо тогтоосон гээд үүнийх нь хариуг барих болно гэж мэдэгдсэнээс ердөө гурав дөрөвхөн хоногийн дараа ийм зүйл болсон юм.
Ийнхүү хоёр улсыг хооронд нь “кибер дайн” зарлахад хүргээд байгаа “Interview” кино, түүнийг бүтээсэн “Sony” студийн хувьд ч байдал тун бүрхэг байна. 45 орчим сая ам.доллараар бүтээсэн, маркетинг сурталчилгаанд нь зөвхөн Хойд Америкт 35 сая, бусад улсын зах зээлд 10 сая ам.доллар зарцуулаад байгаа аж. Цаашид гарч болзошгүй кибер халдлага болон зарим сөрөг үр дагаврыг бодолцон “Sony” киногоо энэ сарын 25-нд зул сарын баяраар нээх гэж байснаа цуцалсан юм. Мөн АНУ-ын хамгийн том сүлжээ кино театр ч энэ киног гаргахаас татгалзсан байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )