Украины тал Крымийг цахилгаанаар хангадаг бүс нутагт цахилгаан эрчим хүчний түгээлтээ зогсоолоо. ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр Украины талын эрчим хүчээр хангадаг тухайн орон нутагт олон мянган өрх байдаг. Цахилгаан тасалснаар тэдний аж ахуйн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.
Крымийн цахилгаан эрчим хүчний 70 хувийг Украин хангадаг. Тэд Крымийн бүс нутгийн цахилгааныг тасалснаар, бүс нутгийн оршин суугчдын цахилгаан, харилцаа холбоо, авто замын гэрэл, худалдааны төв, дэлгүүр, зочид буудал, зарим эмнэлгийн тог тасарчээ. Крымийн нутгийн цахилгааны зарцуулалт өмнө нь Украины эрчим хүчний салбартай тохиролцсон хэмжээнээс хэтэрсэн учир ийм арга хэмжээ авсан гэж Киев тайлбарласан байна.
Цахилгаан тасалдсан явдалд Оросын Эрчим хүчний яам онцгой анхаарал хандуулж, Крымийн бүс нутгийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлын асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулав. Крымийн шатахуун, эрчим хүчний салбарын албаны хүний хэлснээр Крымийн цахилгаан хангамжийн асуудлаар Орос, Украин тохиролцож чадахгүй бол тус автономит улс эл салбарынхаа хязгаарлалтын арга хэмжээ өөрсдөө бие дааж хэрэгжүүлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )