Палестиныг тусгаар улс болохыг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 31

Палестин гэсэн тусгаар улс байгуулах хугацаа болон Палестины нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүдийг гаргах хугацааг товлосон тогтоолын төслийг Иордан улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн тус тогтоол Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны олонхийн санал буюу есөн орны дэмжлэгийг авч чадаагүй байна.

Тодруулбал тус тогтоолыг ОХУ, Аргентин, БНХАУ, Иордан, Люксембург, Франц, Чад, Чили улсууд дэмжсэн бол АНУ, Австрали улсууд эсрэг саналаа өгсөн. Түүнчлэн Их Британи, Литва, Нигер, БНСУ, Руанда улсын төлөөлөгчид түдгэлзсэн байна.

Тус тогтоолд Израиль, Палестин улс гэсэн бие даасан, ардчилсан хоёр улс байгуулах талаар заасан юм. Түүнчлэн хоёр улсын хилийг 1967 оны зургадугаар сарын 4-нд тогтоосон хилийн шугамаар тогтоох, Израиль 2017 оны эцэс гэхэд Палестины нутаг дэвсгэрээс цэргээ татан авах ёстой гэж заажээ. Хэрэв тус тогтоол батлагдвал 2017 оны эцэс гэхэд Палестин “улс” гэсэн статустай болж магадгүй байсан юм.

Аюулгүйн Зөвлөл дэх АНУ-ын төлөөлөгчийн хэлснээр Палестин улс байгуулах тухай тус тогтоолд Израилийн эрх ашиг тусгагдаагүй, нэг талыг баримталсан гэжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top